Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Дархан-Уул аймагт томилолтоор ажиллах үеэрээ Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, “Хурдан” клубийн үйл ажиллагаатай танилцлаа.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Б.Борхүү, Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Соёлмаа нар хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулав.
Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн хувьд аймгийн хэмжээнд 13 цэгт “Хурдан” төвийг байгуулснаар иргэд, хуулийн этгээдэд 43 байгууллагын 451 үйлчилгээг шуурхай хүргэж байгаа юм. Мөн 7 байршилд Киоск төхөөрөмж байрлуулж, үйлчилгээ үзүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хурдан” клуб 32, ахмад настнуудын “Хурдан” клуб 73 гишүүнтэйгээр мэдээллийн технологийн багш нартай хамтран цахим ур чадварын сургалтууд зохион байгуулан ажиллаж буй.
Харин өсвөрийн “Хурдан” клубт 135 хүүхэд нэгдэж, мэдээллийн технологи, цахим спорт, илтгэх ур чадварын сургалтад хамрагдаж, цахим ур чадвараа дээшлүүлж байна.
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвдөө Дроны туршилтын бүс буюу Сургалт хөгжлийн танхим байгуулсан нь хүүхдүүд өдөр бүр дрон жолоодож, ур чадвар, амжилтаа ахиулахад үр дүнтэй ажил болжээ.
Үүний нэг жишээ нь, өсвөрийн “Хурдан” клубийн тамирчин Г.Тэнтэргэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 05 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд болсон “Нисгэгчгүй нисэх хэрэгсэл /дрон/-ийн жолоодлогын олон улсын тэмцээн”-ий багийн ангилалд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн юм.
Мөн багаараа Төвийн бүсийн аваргаар шалгарсан бөгөөд ирэх сарын 27-28-нд БНСУ-ын Инчон хотноо болох Дроны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 8 тамирчин Drone soccer, Tiny whoop төрлөөр оролцохоор бэлтгэлээ хийж байна. “Хурдан” клубийн хүүхдүүддээ баяр хүргэж, эх орноо төлөөлөн өрсөлдөх тэмцээнд нь амжилт хүслээ.














