Салбарын статистик
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 204 тоот, Салбарын стандарт, статистик хариуцсан шинжээч Б.Нинж-Эрдэнэ, ninjerdene@mddic.gov.mn, утас: 51-266201
ҮЙЛ ЯВДАЛ
2022.01.23
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Азийн хөгжлийн банкны “Хууль, бодлогын шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй “Цахим эдийн засагт таатай орчин бүрдүүлэх” техникийн туслалцааны төслөөс “Монгол Улсын Цахим худалдааны хууль, эрх зүйн орчны талаарх тайлан”-г боловсруулсан. Уг тайланг танилцуулах, санал нэгтгэх эцсийн хэлэлцүүлэг болж, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар зэрэг худалдааны чиг үүрэг бүхий ОУ-ын болон дотоодын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Хэлэлцүүлэгт оролцогч талууд Монгол дахь цахим худалдааг үр дүнтэй явуулахад хууль эрх зүй, зохицуулалтын ямар саад бэрхшээл байгааг тодорхойлж, хэрхэн сайжруулах талаар санал солилцлоо.
“Монгол Улсын Цахим худалдааны хууль, эрх зүйн орчны талаарх тайлан”-г танилцуулах эхний хэлэлцүүлгийг 2022 оны 12 дугаар сард төрийн байгууллагууд, цахим худалдааны салбарын хувийн хэвшил, бизнесийн холбоодын төлөөллийн хүрээнд зохион байгуулсан бол энэхүү эцсийн хэлэлцүүлгээр нэгдсэн санал бүхий тайланг тус яаманд ирүүлэх юм.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 204 тоот, Салбарын стандарт, статистик хариуцсан шинжээч Б.Нинж-Эрдэнэ, ninjerdene@mddic.gov.mn, утас: 51-266201

Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулж буй “Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форум 2025 оны 9 дүгээр сарын 24–25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү форумыг Монгол Улсад зохицуулах байгууллага байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа бөгөөд дижитал шилжилтийн эринд зохицуулалтын бодлого, зохион байгуулалтын шинэчлэл, олон улсын чиг хандлага, туршлагыг хэлэлцэх чухал арга хэмжээ юм. Өнөөдрийн хэлэлцүүлгийг ЦХИХХ-ны сайд Э.Батшугар нээж үг хэлсэн бөгөөд ингэхдээ Монгол улс 30 жилийн өмнө буюу 1995 онд олон улсын чиг хандлага, тэргүүн туршлагыг харгалзан харилцаа холбооны салбарт либералчлалыг нэвтрүүлсэн нь манай улсын хөгжилд томоохон шинэ үеийг нээсэн үйл явдал болсон юм. Дэлхий даяар шинэ технологи өдрөөс өдөрт үсрэнгүй хөгжиж зохицуулалтын шинэ сорилтуудыг бий болгож байна. Тиймээс өнөөдрийн “Харилцаа холбооны зохицуулалт” уулзалт, хэлэлцүүлэг нь зөвхөн өнгөрсөн үеийн ололт амжилтаа эргэн харах бус, харин ирээдүйд бидний баримтлах чиг хандлагыг хамтдаа тодорхойлох боломж билээ. Монгол Улсын төрийн бодлого боловсруулагчийн хувьд бид зохицуулалтын орчныг илүү уян хатан, хараат бус, бие даасан, хөрөнгө оруулалт татахуйц, инновацыг дэмжсэн, хэрэглэгч төвтэй байлгахад онцгойлон анхааръя ажиллана. Энэ нь зөвхөн салбарын төдийгүй Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн зорилтын нэг хэсэг байх болно гэсэн юм. Форумд Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын Эрх зүйн асуудлаар зөвлөх төв, Интернэтийн нэр, тоон хаягийн корпорац, Хөдөлгөөнт харилцаа холбооны ассосацийн глобал систем, Азийн Номхон далайн бүс нутгийн сүлжээний мэдээллийн төв, Тайланд улсын зохицуулах байгууллага, Малайз улсын зохицуулах байгууллага, технологи үйлдвэрлэгч Huawei компани зэрэг олон улсын байгууллага, салбарын гол тоглогчид болон Монголын оператор компаниуд оролцож байна. Өнөөдрийн хувьд “Дижитал залилан ба хэрэглэгчийн аюулгүй байдал, хамгаалалт” хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Энэхүү семинар, хэлэлцүүлгээр дижитал орчин дахь сүлжээний аюулгүй байдал, чухал дэд бүтцийн хамгаалалт, хэрэглэгчийн итгэлцэл, нууцлал зэрэг тулгамдсан асуудлыг хөндөж, дижитал шилжилтийн явцад тулгарч буй сорилтууд болон боломжит шийдлүүдийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтдаа хэлэлцэж байна. Мөн олон улсын сайн туршлага, ололт амжилтаас сонсож, суралцах боломжийг олгож байна. Хэлэлцүүлгийн үеэр дараах чиглэлээр мэдээлэл сонсож, санал солилцоно. Үүнд: • Дижитал залилан, кибер аюулгүй байдалд зохицуулагчийн оролцоо • Аюулгүй байдлын шинэ шаардлагыг хэрэгжүүлэх олон улсын арга барил • “Security by design” буюу Аюулгүй байдлыг дизайнд суулгах зарчим ба үүнд зохицуулалтын оролцоо • Харилцаа холбооны сүлжээний найдвартай байдлыг хангах • Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төвүүд болон цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагаа • Мессеж, дуудлага, дижитал луйврын эсрэг авч хэрэгжүүлж буй олон улсын туршлага Энэхүү арга хэмжээнд олон улсын байгууллагууд, Малайз, БНСУ болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүд илтгэл тавьж, санал бодлоо солилцоно. Мөн харилцаа холбоо, мэдээллийн технологи, медиа салбарт тулгарч буй нууцлал ба өгөгдөл хамгаалалтын шинэ сорилтууд, өгөгдөл нутагшуулалт, олон улсын өгөгдөл солилцоо, түүнд тавигдах хязгаарлалт болон нууцлалын эрх зүйн шинэ чиг хандлагын талаар өргөн хүрээнд ярилцах юм. “Харилцаа холбооны зохицуулалт 2025” форум нь Монгол Улсад дижитал шилжилтийн сорилт, боломжийг шийдвэрлэхэд зохицуулалтын үйл ажиллагаагаар дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангуулах зохистой шийдэл, гарц гаргалгааг гаргахад холбогдох талууд хамтдаа хэлэлцэж, шийдвэрлэх алхмыг хийж буй чухал арга хэмжээ болж байна. Энэхүү арга хэмжээ нь зохицуулалтын хараат бус байдлыг хангах, дижитал эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, ирээдүйн зохицуулагчдын шинэ ур чадвар, арга хэрэгслийг тодорхойлох зорилготой юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажилтай танилцлаа. Харилцаа холбоо хариуцсан дэд хороо 51 ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл 75 хувьд хүрсэн байна. Үүнээс 29 ажил бүрэн дуусаж, 8 ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж, үлдсэн ажлууд батлагдсан хуваарийн дагуу үргэлжилж байгаа юм. Тодруулбал, Сүлжээ, Шууд дамжуулалт, Техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал гэсэн гурван үндсэн үүргийн хүрээнд СОР-17 бага хурлын үеэр харилцаа холбооны систем, LAN, Wi-Fi, интернэтийн сүлжээний найдвартай, аюулгүй, хэвийн ажиллагааг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, кибер халдлагаас хамгаалах, хэвлэл мэдээллийн техникийн дэмжлэг, шууд дамжуулалт, вэб сайт, цахим платформууд, видео хурлын систем, орчуулагчийн төхөөрөмжийг хянах зэрэг хариуцлагатай ажлыг хийж хэрэгжүүлж байна. “Үндэсний дата төв”: Мэдээллийн технологийн дэд бүтцийг бүрдүүлж байна Хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай явуулахад шаардлагатай мэдээллийн технологийн дэд бүтцийг бүрдүүлэх ажлыг “Үндэсний дата төв” хариуцаж байна. Энэ хүрээнд Үндэсний дата мэдээллийн сангийн систем болон файлын серверийн дэд бүтцийг бэлтгэн ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Уг сервер нь өдөр тутам бэлтгэх мэдээ, гэрэл зураг, дүрс бичлэг болон бусад хэвлэл мэдээллийн болон хурлын материалыг найдвартай хадгалах, шуурхай түгээх үндсэн дэд бүтэц болох юм. Үүнээс гадна, COP17 бага хурлын оролцогчдын бүртгэл, мэдээллийн систем, цахим оролцоог дэмжих платформ болон гар утасны аппликейшн хөгжүүлэх ажлын хүрээнд шаардлагатай серверийн дэд бүтцийн тохируулгын ажлыг “Үндэсний дата төв” хийж байна. “И Монгол академи”: Бүртгэл, хөтөлбөр, мэдээлэл, үйлчилгээг нэгдсэн цахим системээр хүргэнэ COP17 бага хурлын албан ёсны вэб платформ, гар утасны аппликейшн, бүртгэл болон мэдээллийн системийн хөгжүүлэлтийн ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэхүү систем бүрэн ашиглалтад орсноор хурлын оролцогчид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллага болон зочид бүртгэл, хөтөлбөр, салбар хуралдааны хуваарь, байршлын мэдээллээс гадна худалдаа үйлчилгээ, такси захиалга, eSIM зэрэг шаардлагатай бүхий л үйлчилгээний мэдээллийг бодит цагийн горимд цахим платформ болон гар утсаараа дамжуулан авах боломж бүрдэх юм. Одоогийн байдлаар гар утасны аппликейшний хөгжүүлэлтийн гүйцэтгэл 95.85 хувьтай явагдаж байна. Аппликейшн ашиглалтад орсноор хэрэглэгчид цагийн хуваарь, байршил болон бусад шаардлагатай мэдэгдлүүдийг гар утсандаа шуурхай хүлээн авах давуу талтай. Үүний зэрэгцээ COP17 вэб платформын бүтэц, агуулга, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах хэд хэдэн шинэчлэлүүд хийгдлээ. Тухайлбал, “Blue Zone” хэсэгт “Нэмэлт үйлчилгээ” (Additional Service) дэд цэсийг шинээр нэмж, холбогдох үйлчилгээний системүүдтэй уялдуулсан байна. Харин “Green Zone” хэсгийг өргөжүүлж “Зочны бүртгэл”, “Танилцуулга”, “Ногоон бүсийн хөтөлбөр”, “Павилон” гэсэн дөрвөн шинэ дэд цэсийг үүсгэн, шаардлагатай мэдээллийг нэгтгэн байршууллаа. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК: Харилцаа холбооны сувгийг тасралтгүй ажиллуулах бэлэн байдлыг хангаж байна Дотоодын болон олон улсын харилцаа холбооны сувгийг тасралтгүй байлгах, шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлтгэх ажлын хүрээнд явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн ажлын явцад барилга байгууламжийн үлдсэн худаг сувагчлалын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ. Мөн барилгын дотор холболтууд дээр тухай бүрт техникийн нөхцөл олгох ажлыг дуусгаж, төхөөрөмжүүдийг бэлтгэсэн. Зураг төслийн дагуу хийгдэж байгаа ажлуудад захиалагчийн хяналт тавьж, ажиллаж байна. Түүнчлэн Цэнхэр бүсийн хоёр өргөө болон Ногоон бүсийг сүлжээнд холбох худаг сувагчлалын ажил, тоног төхөөрөмж байршуулах ажлыг 100 хувь гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. “Радио телевизийн үндэсний сүлжээ”: Аудио, видео системийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангана “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-аас СОР-17 бага хурлын аудио, видео системийн тоног төхөөрөмжийн хяналтыг хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд гадна болон дотор холболтын шилэн кабель татаж, шилэн кабелийн залгаа холболтыг хийж дууссан. Мөн “Рlenary & main committee hall” -д видео дэлгэцийг суурилуулж, хяналтын Мастер өрөөний дэлгэцийг суурилуулж, холболт хийж шалгасан. Системүүдийг тэжээлд холбож тохируулга, зүгшрүүлэлт хийх, “Main Committee hall-д Дохио дамжуулах төхөөрөмж суурилуулах, кабель татах”, удирдах пультын тоног төхөөрөмж, дуу өсгөх систем суурилуулах, кабель татах зэрэг ажлуудыг гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. МТҮП: “Мэдээллийн технологи, Инновац, Судалгаа шинжилгээний салбарын арга хэмжээ”-г зохион байгуулна Бага хурлын Мэдээллийн технологи, Харилцаа холбоо, Инновац, Судалгаа шинжилгээний салбарын арга хэмжээг Шинжлэх ухааны академи, “И Монгол академи”-тэй хамтран 08 дугаар сарын 18-нд “Монгол улсын өргөө”-нд зохион байгуулна. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн инновац, технологийн сайн туршлагуудыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гарааны компани болон салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олон улсын зочдод танилцуулахаар бэлтгэж байна. Ногоон дата төвийг хөгжүүлэх “Sovereign by Design” загварыг танилцуулна Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас СОР-17 бага хурлын хүрээнд 08 дугаар сарын 25-нд Ногоон дата төв, хиймэл оюуны тооцооллын дэд бүтцийг хөгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын зочид, хөрөнгө оруулагчид болон салбарын төлөөлөлд танилцуулна. Монгол Улсын “Sovereign by Design” загвар нь эрчим хүч, харилцаа холбооны сүлжээ, хууль, эрх зүйн бие даасан байдлыг нэгтгэсэн цогц шийдэл бөгөөд сэрүүн уур амьсгал, сэргээгдэх эрчим хүчний нөөц, газар нутгийн боломжид тулгуурлан ногоон дата төвийн экосистем хөгжүүлэхэд чиглэнэ. Бодлогын хүрээнд 2026–2027 онд суурь орчныг бүрдүүлж, 2028–2030 онд 100–200 МВт-ын анхны жишиг дата төвийг хэрэгжүүлэх, цаашид 1 ГВт-аас дээш хүчин чадалтай, сэргээгдэх эрчим хүч давамгайлсан бүс нутгийн дижитал экосистемийг хөгжүүлэх зорилт дэвшүүлж байгаа юм.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот, Төрийн захиргааны удирдлагын газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Уранзаяа, uranzaya@mddic.gov.mn, 51-265102
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012