Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Х.Сүрэнхорол: Хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгааг иргэд хянах нь хуулийн хэрэгжилтэд чухал

2022.05.09

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхоролыг урьж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд ярилцлаа. ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИАР НИЙГМИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ БОЛСОН Хувь хүний нууцын тухай хууль 1995 онд батлагдсан. Хэрэгжиж эхлээд 30 орчим жил болох гэж байна.Энэ нь тухайн цаг үеийнхээ нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд тохирсон хууль байсан бол одоо нийгмийн харилцаа яаж өөрчлөгдөж, цахим харилцаа бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг бэлхнээ харж байна. Өөрөөр хэлбэл, 30 жилийн өмнөх хуулиар одоогийн хувь хүний нууцтай холбоотой харилцаа бүрийг зохицуулахад хүндрэлтэй болоод байна гэсэн үг. Статистик тоон мэдээнээс харахад сүүлийн таван жилийн хугацаанд хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэг 2-5 гарсан байдаг. Энэ нь Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулах харилцаа хумигдмал хүрээнд байгааг харуулж байгаа юм. Мөн хувь хүнд хамааралтай эрүүл мэнд, гэр бүл, эд хөрөнгө, захидал харилцааны дөрвөн төрлийн мэдээллийг нууцад хамааруулж, хувь хүн өөрөө мэдээллийн нууцлалаа хадгалж хамгаалах зохицуулалттай байсантай холбоотой. Хувь хүнийг тодорхойлж болох олон төрлийн мэдээлэл байдаг. Тухайлбал, тухайн хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, генетик болон биометрик мэдээлэл, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг дурдаж болно. Хувь хүний мэдээллийг тодорхой хяналтгүй буюу зөвшөөрөлгүйгээр цуглуулж, боловсруулж, тухайлан нийгмийн сүлжээнд дурын зорилгоор ашиглаж, дамжуулах тохиолдол их байна. Олон улсын жишгээр хувь хүний мэдээллийг цуглуулж байгаа бол хуульд зааснаас бусад тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзний зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг. Эдгээр нөхцөл шаардлагын улмаас Хувь хүний нууцын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага байсан учраас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулсан. ТУХАЙН ХҮНИЙГ ТОДОРХОЙЛЖ БОЛОХ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ НЬ ХУУЛИЙН ЗОРИЛГО Блиц: Боловсрол ♦ 2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль ♦ 2016 онд Австралийн Мельбурнийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Ажилласан байдал ♦ 2007-2022 он хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, шинжээчээр ажилласан. ♦ 2022 оны гуравдугаар сараас Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Хуулийн төслийг боловсруулах явцад бусад улс оронд хувь хүний нууцыг хэрхэн зохицуулж, хамгаалж байгаа талаар нэлээд судалгаа хийж, иргэн, хуулийн этгээд, судлаач нараас ч хуулийн төсөлд олон санал ирснийг Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж тусгасан байдаг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн суурь зохицуулалт нь Европын холбооны Хүний хувийн өгөгдөл хамгаалах тухай актад үндэслэсэн. Мөн Эстони, Словени, Япон, Солонгос, Хятад, Тайвань, Израйл улсын эрх зүйн зохицуулалтыг судалж, манай улсад хэрэгжих боломжтой зарим онцлог зохицуулалтыг хуулийн төслийг боловсруулахдаа харгалзаж үзсэн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар багц хэдэн харилцааг зохицуулна. Хувь хүнийг тодорхойлж болох мэдээллүүдийг өргөжүүлсэн. Хувь хүний нууцын тухай хуулиар хувь хүний дөрвөн төрлийн нууцыг хамгаалж байсан бол тухайн хүний овог, нэр, төрсөн он, сар, өдрөөс авахуулаад хүний эмзэг мэдээллүүд болох ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл, генетик, биометрик мэдээллийг хамгаалж байхаар тогтоосон. Тодруулбал, тухайн хүнийг тодорхойлж болох бүх мэдээллийг хамгаалах нь энэ хуулийн зорилго юм. Хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа хуульд зааснаас бусад тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах ёстой. Энэ хууль мэдээллийн эзний эрхийг баталгаажуулж, мэдээлэл хариуцагчийг үүрэгжүүлсэн шинжтэй хууль юм. Тухайлбал, мэдээллийн эзэн зөвшөөрлөө өгөх, татгалзах, мэдээллийг ямар зорилгоор цуглуулж байгааг мэдэх, шаардах, тайлбар авах эрхтэй. Харин мэдээлэл хариуцагч нь зөвшөөрлийг авах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болсон үндэслэлийг тайлбарлах, мэдэгдэл хүргүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байхаар тогтоосон. Мөн хуульд тусгасан нэг онцлог зохицуулалт бол дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг ямар тохиолдолд байршуулах талаар зохицуулсан. Төхөөрөмжийг нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах, дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, ажлын байранд хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор байршуулж болно. Харин тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдах байршилд тухайбал, ариун цэврийн өрөө, VIP өрөө, эмнэлгийн өрөө, оршин суугчийн хаалга руу харуулж дүрс бичлэгийн камер байршуулахгүй байхаар зохицууллаа. ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ МЕХАНИЗМЫГ ТОДРУУЛСАН Хуульд хуулийн хэрэгжилтийг хангах байгууллагуудыг тодорхой заасан. Хуулиар Хүний эрхийн үндэсний комиссын нэг гишүүн хүний хувийн мэдээллийг хамгаалах чиг үүргийг хариуцаж ажиллана. Мөн энэ чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан нэгж ажиллахаар зохицуулсан. Энэ нэгжид хууль эрх зүй, мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн ажилтнуудыг ажиллуулах шаардлагыг тавина. Комисс хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, зөвлөмж, шаардлага хүргүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллана. Мөн төрийн бусад байгууллага хуулийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй. Цахим хөгжил, харилцаа холбооны яам хууль тогтоомжийн хэрэгжилтийг олон нийтэд сурталчлан таниулах, нийтээр дагаж мөрдөх журмуудыг боловсруулж, батлах, мэдээллийн аюулгүй байдал алдагдсан тохиолдолд хариу арга хэмжээ авах үүргийг гүйцэтгэнэ. Манай яам энэ хуулийн хүрээнд батлах журмууд дээр Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байна. Хуулийн хүрээнд нийт гурван журам батална. Төрийн байгууллагууд хэрэгжилтийг хангахад хүлээх үүргийг хуулиар тогтоосон ч байгууллага бүр төр, хувийн хэвшлийн байхаасаа үл хамааран мэдээлэл хариуцагчийнхаа хувьд хүний хувийн мэдээллийг хамгаалахад үүргээ ухамсарлаж, хариуцлагатай хандах ёстой. Нөгөө талаас иргэн бүр өөрийнхөө мэдээллийг бусад этгээдэд өгөх бүртээ хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрөлтэйгөөр авч ашиглаж байгаа эсэхийг хянах эрхийг хуулиар олгосон тул шат шатандаа хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг хангах нь чухал юм. СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗОРИЛГООР ЗАРИМ МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХАД ЗӨВШӨӨРӨЛ ШААРДАХГҮЙ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар сэтгүүл зүйн зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах тохиолдолд үйлчлэх зохицуулалтыг тусгасан. Сэтгүүл зүйн эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллээс бусад мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахад мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахгүй. Сэтгүүл зүй гэдэг бол хариуцлагатай редакцтай байгууллагад тооцогдож, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээ, мэдээллийг түгээдэг. Харин сэтгүүл зүйн зорилгоор бус хүний хувийн мэдээллийг түгээх тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзний зөвшөөрлийг шаардана. Хууль зөрчиж мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашигласан бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг дагаж эдгээр хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛНЭ Хуулиар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хүн нь хүний эмзэг мэдээллийг ашигласан, дамжуулсан тохиолдолд мэдээллийн эзэнд мэдээлэл хариуцагчийн хувьд мэдэгдэл хүргэдэг байхаар зохицуулсан. Мэдээж мэдэгдэл хүргэх хэлбэр нь ямар ч байж болно. Тухайлбал, гар утасны мессежээр, хувийн и-мэйлээр, тодорхой систем бий болгох замаар мэдэгдэл хүргэж болно. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас И-Монгол академитай хамтран мэдэгдэл хүргэх системийг хөгжүүлэн “ХУР” системд холбогдсон төрийн байгууллагаас мэдээлэл дамжуулсан тохиолдолд мэдээлэл хариуцагчийн хувьд мэдээллийн эзний мэдээллийг ямар байгууллагад дамжуулсан талаарх мэдэгдлийг хүргэж байна. Мөн төрийн байгууллагууд нь “ХУР” системд холбогдсон эсэхээс үл хамааран өөрсдөө мэдэгдлээ хүргэх боломж нь нээлттэй. Харин хувийн хэвшлийн байгууллагууд ямар хэлбэрээр мэдэгдэл хүргүүлэхээ өөрсдөө шийдэж, мэдэгдэл хүргэх үүрэгтэй. Ер нь хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа эсэхийг иргэд хянах нь хуулийн хэрэгжилтэд хамгийн чухал. УЯЛДААТАЙ ТАВАН БАГЦ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ Улсын Их Хурлаас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хамт Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиас бусад дөрвөн хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль бол төрийн байгууллага өөртөө цугларсан мэдээллийг хэрхэн иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах вэ, нээлттэй өгөгдлийг хэрхэн боловсруулж, олон нийтэд ил болгох вэ, мэдээллээ солилцохдоо ямар систем ашиглах вэ гэдэг харилцааг ерөнхийдөө зохицуулсан. Мөн төрд цугларсан хувийн мэдээллийг төрийн байгууллага солилцохдоо мэдэгдэл хүргүүлэхийг энэ хуулиар зохицуулсан. Цахим гарын үсэг ашиглан аливаа үйлчилгээг авах, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гэрээ, хэлцэл байгуулах. Цахим гарын үсгээр үйлдсэн баримт бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжийг бүрдүүлсэн хууль бол Цахим гарын үсгийн тухай хууль юм. Энэ хуульд тусгасан нэг онцлог зохицуулалт бол Монгол Улсын 16-гаас дээш насны иргэн бүрт тоон гарын үсгийг үнэ төлбөргүйгээр Улсын бүртгэлийн байгууллагаас олгох боломжийг бүрдүүллээ. Тоон гарын үсгийг хэрэглэн дэлхийн хаанаас ч өөрийгөө таньж баталгаажуулаад тодорхой үйлчилгээнүүдийг авах боломжтой юм. Ингэснээр гадаадад байгаа монголчууд e-Mongolia-д нэвтэрч чаддаггүй байсан асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаа. Гадаадад байгаа иргэд Монголд бүртгэлтэй банкны данс, гар утасны дугааргүйгээс зарим төрийн үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолт авах, баримт бичиг захиалахад хүндрэл үүсдэг тохиолдол олон байна. Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай зохицуулж байгаа харилцааны хувьд салшгүй холбоотой. Төрд болон хувийн хэвшлийн байгууллагад цугларсан хувь хүнтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй зохицуулалтуудыг тусгасан. Б.Должинжав Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусад мэдээ

ИЦББХ: “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2024.08.20-ны өдрийн хуралдаанаахоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ…” гэж заасны дагуу тус байнгын хорооны гишүүд тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд мэдээллийн технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагаа эрхлэх татварын хөнгөлөлттэй чөлөөт бүс, шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх байршлын талаар тодруулав. Мөн иргэдийг цахим залилан, халдлагад өртөх эрсдэлийг бууруулахад анхаарах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн юм. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2024 оны зургаадугаар сард баталсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас гарааны компаниудыг бодлогоор дэмжих, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулахаар болсон. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гарааны компаниуд заавал хотод ирэхгүйгээр виртуал бүсэд бүртгүүлээд татварын хөнгөлөлтөө аваад явах нөхцөлийг бүрдүүлнэ. Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хамтарсан журмаар виртуал бүсэд бүртгэх хуулийн этгээдийг тодорхой болгохоор ажиллаж байгаа гэдгийг салбарын сайд хариулав.  лсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат асуултдаа 2024 оны байдлаар “E-mongolia” цахим системээр дамжуулан 1173 төрийн үйлчилгээг 43 сая удаа үзүүлсэн байгааг дурдаад цаашид төр, хувийн хэвшлийн хэчнээн үйлчилгээг цахимжуулах шаардлагатай байгаа болон төрийн байгууллагуудын хоорондын уялдаа ямар түвшинд байгааг лавласан юм.  Түүнчлэн үндэсний хиймэл дагуулыг нэвтрүүлэх ажлын явцын талаар тодрууллаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Өнгөрөгч дөрөвдүгээр сард парламентаас Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. “E-mongolia” цахим системийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж үзэж, дахин загварчлах судалгааны ажлыг эхлүүлсэн. Төр зарим чиг үүргээ мэргэжлийн холбоонд шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн орон нутагт төрийн үйлчилгээний цахим шилжилт харилцан адилгүй түвшинд байна. Жишээлбэл, галын дүгнэлт авахад Баянхонгор аймагт таван зүйл шаарддаг бол Хэнтий аймагт найман зүйл шаарддаг. Үүнийг өөрчлөхөөр ажиллаж байгаа. Манай улсын нийт газар нутгийн 26.8 хувьд 4G интернэтийн сүлжээ нэвтэрсэн. Үлдсэн 73.2 хувь буюу орон нутгийн иргэд, малчин айл өрхийг шилэн кабелиар интернэт сүлжээнд холбох шаардлагатай. 2027 он гэхэд Монгол Улс анх удаа үндэсний хиймэл дагуултай болох бэлтгэлийг хангаж байна гэлээ. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр, “Монгол Улс үндэсний бие даасан хиймэл дагуултай болсноор интернэт сүлжээнд холбогдоогүй үлдсэн газар нутагт харилцаа холбооны сүлжээг үүсгэх дэд бүтэцтэй болно. Нийт 1648 баг байгаагийн 150-иас бусад нь ямар нэгэн хэмжээгээр үүрэн сүлжээнд холбогдсон. Алслагдсан багуудыг сүлжээнд холбох ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр үе шаттайгаар шийдэхээр ажиллаж байгаа. Улсын төсөвт тодорхой зардлуудыг тусгасан” хэмээн хариулав.

Холбооны хоёр дахь сайд З.Аюурзана

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны хоёр дахь сайд З.Аюурзана 2020.12.22 Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан харилцаа холбооны салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүний түүхийг цувралаар хүргэж байгаа билээ. ХОЛБООНЫ ХОЁР ДАХЬ САЙД ЗУНДУЙН АЮУРЗАНА Тэрээр 1906 онд Баян-Өлгий аймагт төржээ. 1929-1932 он хүртэл Улаан-Үд хотын Рабфакт бэлтгэх сургуулийн захирал, түүхийн багшаар ажиллаж байгаад 1939-1940 онд КУТВ-т суралцсан байна. 1925 оноос залуучуудын эвлэлийн үүрийн дарга, 1937 оноос Москва хотноо сургуулийн дэргэдэх МАХН-ын үүрийн дарга, мөн оны 9 дүгээр сараас Хөвсгөл аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, 1943 оны 2 дугаар сараас Өвөрхангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын алба хашижээ. 1939 оны дунд үеэс цагийн байдал хүнд байсан тул зүүн хилийн харуулуудыг холбоожуулах зорилгоор зүүн, зүүн урд чиглэлд тусгай зориулалтын хэрэгцээнд хуучин шугамтай зэрэгцүүлэн шинээр холбооны шугам татах болсон тул манай Засгийн газрын хүсэлтээр ЗХУ- аас 450 гаруй хүмүүсийг 90 гаруй машины хамтаар ирсэнтэй тул харилцан нэвтрэлцэх ерөнхий хорооноос туршлагатай холбоочин С.Шийтэрээр ахлуулсан баг 35,000 баганыг Хэнтий аймгийн Ононд бэлтгүүлж зөвлөлтийн цэргийн ангид хүлээлгэн өгч Шарагат – Өгийн хийд – Сулинхээрийн хүртэл 440 гаруй км шугамыг шинээр хийсний дээр Өндөрхаанаас Сайншанд хүртэлх 320 км шугамыг шинэчлэн засварлаж, 1939 оны 6 дугаар сараас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн харьяа Цэрэгжүүлсэн харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий захирах газар болгож, холбоочид салбараараа цэргийн албанд орж эх орны дайны жилүүдэд ажлын 24 цагийн үүрэг хүлээж байв. Дэлхийн II дайн дуусч, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1945 оны 20 дугаар тогтоолоор “Харилцаа холбооны цэрэгжүүлсэн ажилтан нарын дүрэм”-ийг хүчингүй болгож, монголын холбоочид энх цагийн бүтээн байгуулалтанд жирийн албан хаагчийн есоор оролцох болжээ. БНМАУ-ын СнЗ-өөс шуудан, харилцааг сайжруулах талаар анхаарч, 1947 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Харилцаа холбооны яамны гадаад ба дотоод шууданг сайжруулах тухай” 12 дугаар тогтоол гаргаж, Наушка хүртэл 7 хоног тутам шуудан хүргэх, буцахдаа Наушкад байгаа шууданг Улаанбаатар хотод тогтмол авчирч байх, шуудан тээврийг зохих цагт нь гаргаж байх төлөвлөгөөг хавсран гаргаж ажиллахыг Тээврийн болон Холбооны сайдад тус тус даалгасан байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 1950 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гаргасан 15/5 дугаар тогтоолоор Холбооны яамны 1950 оны төлөвлөгөөг баталж Улаанбаатар хот Архангай аймгийн хооронд 470 км газар бронзон шугамыг 1950 оны 3 дугаар улирлын дотор байгуулахаар тогтоов. 1950 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн 112 дугаар тогтоолоор Холбооны яамны барилга контор байгуулагдаж, холбооны гол аж ахуй болох телефон-телеграфын баганат шугамыг засварлах, шинээр байгуулах, улс орныг телефонжуулах ажлыг эхэлжээ. Холбооны сайд З.Аюурзана харилцаа холбооны техник зохион байгуулалтын ажилд өөрчлөлт хийж анхдугаар 5 жилд Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Чойбалсан, Сүхбаатар, Говь-Алтай аймгуудыг Улаанбаатар хоттой тогтмол харилцах радио телефоны харилцаа бий болгосон байна. Зуун суманд радио хүлээн авагч, долоон аймгийн бүх сумдыг радиожуулсан, радио цэгийг 1000-аар нэмэгдүүлэв. Улаанбаатар хотоос шууданг аймгуудтай сард 4 удаа автомашинаар солилцдог байсныг 8 удаа болгон нэмэгдүүлжээ. 1940 онд хөдөлмөрчин ардуудаас морин өртөөний албыг өөрчилж аймгийн төв-сумдын хооронд автомашин, сум багийн хооронд улсын морин өртөөгөөр шууданг тогтмол солилцдог болсон. 1948-1952 онуудад Баян-Өлгий, Ховд зэрэг аймгийг оролцуулан нийтдээ 13 аймгийг Улаанбаатар хоттой телефоноор шууд харилцдаг болгож, 60 гаруй сум, суурин газарт телефон холбоо байгуулсан байна. 1952 онд 1947 оныхоос холбооны ашиглалт 40 хувиар, солилцсон бичиг захидлын тоо 33 хувиар, радио цэгийн тоо 9500 болж 28 хувиар өссөн ба 300 гаруй сумыг радио хүлээн авагчтай, бүх аймгийн 75 хувь нь радио нэвтрүүлэгчтэй болж, харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээнээс орсон орлогын хэмжээ 30 хувиар өссөн байна. Түүнчлэн ЗХУ-д холбооны дээд, дунд мэргэжлийн сургуулиудад боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн аж. Зундуйн Аюурзана нь 1945 оны 11 дүгээр сараас 1953 оны 8 дугаар сар хүртэл Холбооны сайдаар ажилласан байна. 1947 оны 8 сард АНУ Атлантик хотод болсон олон улсын радио долгионы конференцид оролцсон БНМАУ-ын Холбооны сайд З. Аюурзана, Холбооны яамны ерөнхий механик, Лувсанцэнд нар. 1946 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Холбооны сайд З.Аюурзанаас Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд, Улсын Ялгарсан Хошой Баатар их удирдагч маршалХ.Чойлбалсан Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий Нарийн бичгийн дарга, хүндэт удирдагч Ю.Цэдэнбал танаа Монгол Ардын Хувьсгалт Нам ба ард олны түргэн харилцааг цаг тухайд ханган биелэхэд хамгийн гол чухал нь харилцааны шугамуудыг цаг тухай бүр гэмтлээс хамгаалах хийгээд тохиолдсон гэмтлүүдийг богино хугацааны дотор засаж чадваас тэр чанараараа гадаад дотоодын бүх харилцааг тогтоосон цаг минут секундээр хугацаанд нь бүгд,тэр хугацаанд нам ба улсын хийгээд худалдаа үйлдвэр, олон нийтийн болон гадаад дотоодын бүх дөрвөн төрлийн харилцааг өдөр шөнийн 24 цагт тасралтгүй харилцаж чадмой. Гэтэл тус улсын харилцааны эдүгээгийн ажлын байдлыг үзвээс шугам үйлдвэр байгуулагдсанаар он жил удсан учраас нэвтрэх гэмтэж тасалдах явдал олон тоотой болсонучраас гадаад дотоодын харилцаанд өдөр тутам саад тохиолдож, нам улсын хийгээд ард олны бүх харилцааг цаг тухайд ханган биелүүлдэггүй дутагдлууд үргэлжлэн тохиолдож зарим үеийн ажлуудаар өдий төдий саад бэрхшээлүүд их бага хэмжээгээр тохиолдсоор байна. … Холбооны 2 дахь сайд З.Аюурзана Боловсруулсан: ХХМТГ-ын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.ЦэвээндарьХарилцаа холбооны музейн эрхлэгч Г.Шаравдэмбэрэл Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Ховд аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ эхэллээ

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Ховд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын дарга Б.Түмэндэмбэрэл нарт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны тухай мэдээлэл өгч уулзалт зохион байгууллаа. Аймгийн удирдлагуудтай Ховд аймгийг бүрэн камержуулах, Баруун бүсийн цахим сургалт судалгааны тулгуур төв байгуулах, Цахим ур чадвартай хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.