Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Х.Магсаржавын цэрэг буюу Холбооны анхны сайд Дэчингийн Дэндэв

2021.11.03

Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан харилцаа холбооны салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүний түүхийг цувралаар оруулж байгааг хүлээн авна уу. Х.МАГСАРЖАВЫН ЦЭРЭГ БУЮУ ХОЛБООНЫ АНХНЫ САЙД ДЭЧИНГИЙН ДЭНДЭВ Тэрээр 1902 онд Засагт хан аймаг Баатар вангийн хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт төрсөн. Ардын хувьсгалын партизан. 19 настайдаа Хатанбаатар Магсаржавын цэрэгт элсэн орж Оросын цагаан хааны цэрэгтэй байлдаж яваад Ерөнхий сургуулийн холбооны ангид орж суралцаад 1926 онд төгсөж, холбооны мэргэжил эзэмшсэн ахмад холбоочин. Цэргийн ерөнхий сургуулийн холбооны салааны даргаар ажиллаж байгаад 1929 оны 9 дүгээр сарын 20-нд салааг нь цэргийн яамны хурдан шуудангийн салаатай нэгтгэж, Цэргийн яамны холбооны тусгай суманг байгуулахад сумангийн даргаар томилогдож, холбооны суманг өргөтгөж, 1931 оны 10 дугаар сарын 30-нд холбооны тусгай хороо болгосон бөгөөд тусгай хорооны даргаар томилогдсон байна. Цэргийн яамны дайчлахын туслах, цэргийн ерөнхий сургуулийн штабын дарга, Сангийн яаманд цэргийн асуудал хариуцсан түшмэлийн ажил хийж байгаад 1939 онд Хагас цэрэгжүүлсэн Монголын харилцаа холбооны ерөнхийлөн захирах албыг байгуулахад даргаар томилогдож, улмаар 1944 оны 5 дугаар сарын 9-нд Монгол Улсын харилцаа холбооны яам байгуулагдахад анхны сайдаар томилогдож, 1946 он хүртэл сайдын албыг хашжээ. Тэрээр Монголын харилцаа холбоог хөгжүүлэн бэхжүүлэхэд өөрийн ухамсарт амьдрал, хүч чадлаа дайчлан ажиллаж явсан ахмад холбоочин билээ. Мэдээллийг бэлтгэсэн: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Бусад мэдээ

“Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөг Булган аймагт зохион байгуулагдлаа

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ЦХХХЯ-наас санаачлан үндэсний хэмжээнд өрнүүлж буй 21 аймагт үе шаттай, бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй “Цахимд хэвшье” арга хэмжээ хойд бүсийн 2 дахь аймаг Булган аймагт өнөөдөр (2024.04.24) хэрэгжлээ. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбат ахлан ажиллаж байна. Цахимд хэвшье арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” болох уриалга, ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт хэрхэн хэрэгжиж байгааг төр, хувийн хэвшлийн хамтарсан мэргэжлийн баг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд Булган аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийт оролцож, олон талын мэдээлэл авч, ЦХХХЯ болон салбарын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалтаас гадна иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа. Мөн жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн байгууллагууд үйл ажиллагааны танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар салбар байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Говь-Алтай аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгууллагууд болох Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Говь-Алтай аймаг дахь хэлтэс, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монголын цахилгаан холбоо ХК, Монгол шуудан компанийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Цахим шилжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэхэд орон нутгийн тэр дундаа харьяа, салбар байгууллагын дэмжлэг, оролцоо чухал болохыг онцлоод, яамны зүгээс бодлогоор дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.

COP17 бага хурлын бэлтгэл ажлын хэсгийн хурал боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч хатагтай Андреа Меза Мурильо болон тус конвенцын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтыг ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү нээж, Монгол Улсад зохион байгуулагдах COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд анхаарах гол чиглэлүүдийг танилцууллаа. Тэрээр бага хурлын албан ёсны вэб сайтын хөгжүүлэлт, дэд бүтцийн бэлтгэл, медиа төвийн төлөвлөлт, мөн олон улсын хэвлэл мэдээлэл болон олон нийтэд мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх харилцаа холбоо, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудлуудыг онцлон тэмдэглэв. Мөн бага хурлын үеэр зохион байгуулагдах Ногоон бүс болон медиа ногоон бүсийн зохион байгуулалт чухал ач холбогдолтой болохыг илэрхийллээ. ЦХИХХ-ны яам, COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд мэдээлэл, харилцаа холбоо, дижитал платформын зохион байгуулалтыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.  Уулзалтын үеэр бага хурлын видео, аудио системийн бэлтгэл, хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан шууд дамжуулалтыг зохион байгуулах техникийн шийдлийн талаар хэлэлцэв. Энэ хүрээнд РТҮС УТҮГ-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвням бага хурлын үйл ажиллагааг телевиз болон цахим сувгуудаар шууд дамжуулах техникийн боломж, зохион байгуулалтын талаар танилцууллаа. Мөн бага хурлын албан ёсны вэб сайтын хөгжүүлэлтийн явц, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарах асуудлуудын талаар “И-Монгол” академийн төлөөлөл С.Тулга танилцуулга хийж, веб сайтын бүтэц, мэдээллийн хүртээмж, олон улсын хэрэглэгчдэд чиглэсэн мэдээллийн зохион байгуулалтыг сайжруулах талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч хатагтай Андреа Меза Мурильо Монгол Улс төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлж, COP17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ. Уулзалтын төгсгөлд талууд COP17 бага хурлын бэлтгэл ажлыг уялдуулан зохион байгуулах, мэдээлэл солилцоог эрчимжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.