Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийлээ

2021.11.23

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.11.23) хамтарсан хуралдаан 10 цаг 22 минутад 51.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлын эхэнд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулав. Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас болон гишүүдээс санал гаргаагүй гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдав. Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна. Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчлөх шаардлагын талаар хэлж, үүнтэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Төсөл дээр 67 төрлийн мэдээллийг нээлттэй хэмээн хуульчилж байгаа гэдгийг Н.Учрал гишүүн онцлон тайлбарлаж өгөв. Ийнхүү төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж дууссан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Дараа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан.

Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  явуулах үед хуралдаан даргалагчаас болон Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хурлын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулахад гарын хурууны хээгээр хязгаарлахгүй байх санал гаргасан тул биометрик мэдээллийг ашиглах талаар, хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, түүнчлэн харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар оногдуулдаг байх саналыг тус тус боловсруулсан гэв. Түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийн хуулбарыг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй өгөхөөр тусгасан байна.

Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон бүрэлдэхүүнээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийсэн юм.

Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг  2021 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр хуралджээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцээд дараах саналуудыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар шийдвэрлүүлэхээр танилцуулсан. Үүнд, төслийн 23 дугаар зүйлийн “23.3” дахь хэсгийг 5 дугаар зүйлд шилжүүлэн “5.3” дахь хэсэг болгох саналыг нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаан даргалагчаас Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дахин хэлэлцэхийг  чиглэл өгсөн юм. Мөн Цахим гарын үсгийн тухай хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр өөрчилж, Нийтийн мэдээллийн тухай болон Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн дагаж мөрдөх хугацаатай уялдуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн нэр болон холбогдох зүйл, хэсэг, заалтын дугаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн 2.1 дэх хэсэг, 4.1.9, 10.2.2, 13.2.1, 15.3.3 дахь заалтад эшилсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн нэр болон холбогдох зүйл, хэсэг, заалтыг нийцүүлэн өөрчлөх болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд хөндөгдсөн асуудал болох Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, 43 дугаар зүйлд цахим хэлбэрээр хэлцэл хийхэд “тоон гарын үсэг”-ийг хүлээн зөвшөөрөх асуудлыг “цахим гарын үсэг” болгож байгаатай холбогдуулан Иргэний хуулийн 196 дугаар зүйлд тусгагдсан цахим хэлбэрээр гэрээ хийхэд “тоон гарын үсэг”-ийг хүлээн зөвшөөрөх асуудлыг мөн адил “цахим гарын үсэг” болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж, холбогдох саналын томьёоллуудыг боловсуурлсан байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эцэст нь энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусад мэдээ

Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулийг судалж үзэхэд зөвхөн “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэж хэлбэр заасан үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байна

Тэдгээр нь цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэсэн, “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбар”, “бичгээр хүргүүлнэ” зэргээр цаасан суурьтай баримт бичгийг шаардсан байна. Монгол Улсын цахим шилжилтийг удаашруулах, үл ойлголцох нөхцөл байдалд хүргэж байгааг шийдвэрлэх зорилгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар энэ 7 хоногт хэлэлцэх гэж байна. Үүсэх боломж, давуу тал: Цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, цаасан баримт бичигтэй ижил түвшинд үнэлэх боломжийг бүрдүүлнэ. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй. Мэдээллийн сангуудын харилцан холболт интерацийг хангаж, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, мэдээллийн зөрүүг арилгах Тодорхой салбарын гэрээ, хэлцлийг заавал цаасаар хийх ёстой байсныг цахим хэлбэрээр цахим гарын үсэг хэрэглэн байгуулж болохоор хялбаршуулав. Ногоон хөгжлийг дэмжиж, цаасан хэрэглээг багасгана. Хуульд зөвхөн бичмэл гарын үсгээр баталгаажуулж төрийн байгууллагаас үйлчилгээ авахаар заасан харилцаанд цахим гарын үсэг хэрэглэж болохоор зохицуулсан. Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг цахим хэлбэрээр гаргах, ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэж, хариуг цахим хэлбэрээр хүргүүлж болохоор тусгасан. Финтекийн хөгжлийг дэмжинэ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай Эрсдэл багатай этгээдэд цахим хэлбэрээр данс нээх боломжийг бүрдүүлнэ.

ЗГ: Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, дүрэм журмыг цөөлж, оновчтой болгох, төрийн бүх үйлчилгээг ДАН системтэй холбох ажлыг эрчимжүүлэх, тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажиллагааг нэгтгэн сайжруулах шийдвэрийг гаргалаа. Төрийн болон бизнесийн үйлчилгээнүүд нэг удаагийн нэвтрэх код, цахим шуудангийн хаяг, гар утасны дугаар, тоон гарын үсэг хэрэглэгчийн нэр, нууц үг зэрэг олон төрлийн арга хэрэгслийг ашиглан иргэнийг цахим орчинд таньж, баталгаажуулж байна. Эдгээрээс хамгийн найдвартай, аюулгүй хэлбэр нь тоон гарын үсэг аж. Монгол Улс 2022 онд тоон гарын үсгийг иргэддээ 5 жилийн хугацаатай үнэ төлбөргүй олгосон. Одоогийн байдлаар 1.3 сая иргэн тоон гарын үсэгтэй болсон ч өнөөдрийг хүртэл иргэд түүнийг хаана, юунд, ямар зориулалтаар ашиглах талаар ойлголтгүй байна. Түүнчлэн 155,074 аж ахуй нэгж тоон гарын үсгийг тендерт оролцохдоо л ашиглаж байгаагаас өөр хэрэглээ байхгүй гэхэд болохоор байна. Иймд тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд иргэнийг найдвартай таньж, баталгаажуулах хэрэгцээ шаардлагад үндэслэн Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг ийнхүү хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тоон гарын үсэг нь цахим орчинд баримт бичиг, мэдээллийг баталгаажуулах, хамгаалах зориулалттай криптограф технологи юм. Тоон гарын үсгийг ашигласнаар орон зай үл хамааран баримт бичгийг баталгаажуулах, улмаар цахим албан хэрэг хөтлөлтийг дэмжиж, байгууллагын бичиг хэрэг, шуудангийн зардлыг хэмнэх боломж олгодог. Түүнчлэн цахим гэрээ, хэлцлийг гар утас, таблет ашиглан тоон гарын үсгээр баталгаажуулж, цаг хугацаа хэмнэх, шифрлэж хамгаалсан түлхүүрээр баримт бичгийн нууцлалтай, бүрэн бүтэн байдлыг хангах давуу талтай байдаг.

БНХАУ-ЫН ЖЕЖИАНЫ ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ЫН ЖЕЖИАНЫ ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА 2022.12.07 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Жежианы Их Сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд элсэн орох Магистрын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: Жежианы Их Сургууль нь 1897 онд байгуулагдсан бөгөөд олон салбарт судалгаа, шинжилгээ хийдэг, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын их, дээд сургуулиудын жагсаалтаар улсдаа 3-т ордог, дэлхийд 100-д багтдаг сургууль юм. Суралцах чиглэл: Schools Disciplines Duration of Studies (Year) School of Management http://som.zju.edu.cn Enterprise Management (Master Program in Innovation, Entrepreneurship and Global Leadership, PIEGL) 2 years Business Administration (Global MBA Program-full-time) 2 years Management Science and Engineering 2.5 years College of Public Administration http://cpa.zju.edu.cn International Affairs and Global Governance 2 years Public Administration 2 years College of Environmental and Resource Science http://cers.zju.edu.cn Agricultural Remote Sensing and Information Technology 3 years   Тэтгэлэгийн хамрах хүрээ: Сургалтын төлбөр; Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй); Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар); Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил   Тавигдах шаардлага: Монгол Улсын иргэн байх; 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 35 нас хүрээгүй байх Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх; Англи хэлний тавигдах шаардлагыг харах Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг холбогдох чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх; Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх. Бүрдүүлэх материал: Өргөдлийн маягт (Маягтыг http://isinfosys.zju.edu.cn/recruit/login.shtml цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. ) Scholarship type: B Бакалаврын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх; Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт; Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1500-аас доошгүй үгтэй зохиомж Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (HSK 4 болон түүнээс дээш эсвэл IELTS 5.5 болон түүнээс дээш) Гадаад паспортын хуулбар /1 жилийн хугацаанд хүчинтэй байх/ Сургуулийн цахим хуудсан дээрээс удирдагч багшийг сонгон холбогдож, 2023 оны шинэчилсэн загварын дагуу анкет бөглөсөн байх /анкет татах/ GRE, NTS-GAT шалгалтын оноотой бол хавсаргаж болно. Цахимаар анкет бөглөсний дараа өргөдлийн төлбөр болох 800 юань төлсөн баримтыг хавсаргах Анкет бөглөсний дараа бүх материалын дижитал хуулбарыг ЦХХХЯ-нд ирүүлнэ. Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. Шалгаруулалт: Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Жежианы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс Холбоо барих хаяг: Утас: 51 265104, 51 260636 Цахим шуудан: fr@mddc.gov.mn   ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ Share on facebook Share on twitter Бусад мэдээ