Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ХХМТГ-ын Ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

2021.07.09

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Цахим хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн “Алтан гадас” одонг энгэртээ гялалзууллаа. Тэрбээр хөдөлмөрийн гараагаа 1990 оноос Байгаль орчны яамны Мэдээлэл, тооцооллын төвд электроникийн инженерээр эхэлж, 1998-2001 онуудад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Мэдээлэл, үйлчилгээний төвд дотоод сүлжээний менежер, 2001-2003 онуудад тус сургуулийн Программ хангамжийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгчийн үүрэгт албыг хашиж байв. 2001 оноос 2004 он хүртэл Дэд бүтцийн яамны Мэдээлэл, холбооны технологийн бодлого, зохицуулалтын газарт мэдээллийн технологийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2004 – 2006 он хүртэл Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилт, зохицуулалтын хариуцсан мэргэжилтнээр, 2006-2008 онуудад ахлах мэргэжилтнээр тус, тус ажиллаж ирсэн бөгөөд 2008 оны 2 дугаар сараас БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэй “Олон улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөтөлбөр”-д хамрагдан, 2010 онд Мэдээллийн технологийн магистр, түүнчлэн 2010-2014 онуудад “Цахилгаан холбооны бүтээмж, үр ашгийн шинжилгээ, үр ашигт гаднын хүчин зүйлийн нөлөөллийг үнэлэх нь” сэдвээр докторын ажлаа хамгаалжээ.

Эрдэм шинжилгээний чиглэлээр 2005 онд “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” бүтээл, “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбар” цагаан ном, 2012 онд Тайланд улсад зохион байгуулагдсан Олон улсын цахилгаан холбооны нийгэмлэг (ITS) – ийн эрдэм шинжилгээний 19 дүгээр хуралд “Монголын үүрэн холбооны салбарын бүтээмж, үр ашигийн өөрчлөлт” сэдвээр эрдэм шинжилгээний нийтлэл, IEEE South Africa Section-ээс 2013 онд зохион байгуулсан “Их сургуулийн сүлжээний орчин дахь бодит хугацааны хааяагүй видео урсгалын системийн архитектур, Сайн ирээдүйн төлөөх тогтвортой инженерчлэл” сэдэвт судалгааны нийтлэл, Мэдээлэл, харилцаа холбооны Азийн сэтгүүлд 2013 онд “Монголын үүрэн холбооны салбарын хөгжилд бодлогын шинэчлэлийн үзүүлсэн нөлөөг хэмжих нь” сэдэвт эрдэм шинжилгээний нийтлэлийг тус тус нийтлүүлсэн аж.

2014-2015 онуудад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, 2015-2016 онуудад тус газрын Мэдээллийн технологийн хэлтэст цахим засаг, мэдээллийн технологийн эрх зүй, хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2016 оны 9 дүгээр сараас өнөөг хүртэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Цахим хөгжлийн газрын Цахим засаглал хариуцсан Ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

Б.Бадамсүрэнгийн хөдөлмөрийн амжилтыг байгууллага, төр засаг, олон нийтийн байгууллагаас үнэлж 2004 онд Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2005 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын “Жуух бичиг”, 2006 онд Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойгоор “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдэг, мөн онд Их Монгол байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2016 онд Харилцаа холбооны зохицуулах хорооны “Хүндэт жуух бичиг”, 2017 онд “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус, тус шагнаж байв.

Бусад мэдээ

“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” цахим форум 9-р сарын 5-6-нд болно

ҮЙЛ ЯВДАЛ “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ – 2022” цахим форум 9 сарын 5-6-ны өдрүүдэд болно 2022.08.29 Монгол Улсын санаачилгаар боловсролын салбарын шинчлэлийг хурдасгах, хүнсний тогтвортой тогтолцоог бий болгох, хүртээмжтэй эдийн засгийг тэтгэж, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зэрэгт томоохон түлхэц өгч буй дижитал шилжилтийн талаар улс орнуудын туршлага солилцох яриа хэлэлцээг эхлүүлэхээр Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран 2022 оны 09 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” олон улсын хурлыг цахимаар анх удаа зохион байгуулах гэж байна. Тус хуралд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, гишүүн улс орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцох бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан дижитал шилжилтийн стратегийг дэлхийн улс орнууд хэрхэн хэрэгжүүлж, тулгарч буй бэрхшээл сорилтыг хэрхэн даван туулж буй талаар өөр хоорондоо туршлага солилцох бөгөөд Монгол Улсын хувьд НҮБ-ийн гишүүн бусад улс орнуудад өөрсдийн туршлагаа хуваалцах юм. “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” нь дэлхийн болон бүс нутгийн түвшний хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулах зорилготой бөгөөд 2023 онд болох “Ирээдүйн дээд хэмжээний уулзалт”-аар эцэслэн батлагдах “Дэлхийн дижитал гэрээ хэлэлцээний талаарх зөвлөлдөх уулзалт”-ад дижитал ирээдүйн хамтын зарчмуудыг бий болгох зорилготой юм. Энэхүү уулзалтаар цахим засаглал, цахим хуваагдал, цахим ялгаварлан гадуурхалт, өгөгдөл хамгаалах, хиймэл оюун ухааны зохицуулалт зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Тус олон улсын цахим хуралд Бангладеш, Эстони, Энэтхэг, Шинэ Зеланд, Австрали зэрэг олон улсын удирдагчид, бодлого боловсруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид, хувийн хэвшлийнхэн зэрэг өндөр түвшний илтгэгч, шинжээч, мэргэжилтнүүд оролцоно. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тэмдэглэснээр, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд асар их боломж төдийгүй шинэ эрсдэл дагуулж буй технологийн эрин үе ирж байна. Энэхүү “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” нь бидний хүсч буй ирээдүйн талаарх үндсэн асуултуудыг хөндөж, шийдэлд урам зориг өгөх, дижитал өөрчлөлтийн үед бид хүүхдүүддээ ямар ертөнц үлдээх гэж байгааг тодорхойлох зорилготой юм. Энэхүү олон улсын цахим хуралд оролцож, олон нийтэд уг хурлын талаар мэдээлэл хүргэхийг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлж оролцох боломжтой. Хурал англи, монгол хэл дээр болох уг хурал 9 сарын 5-ны өдөр Улаанбаатарын цагаар 15 цагт эхэлнэ. Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/3B1jU6G Холбоо барих: ЦХХХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн  Б. Уранзаяа uranzaya@mddc.gov.mn Утас: 91190988 НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д. Соёлмаа Soyolmaa.dolgor@un.org Утас: 94111220 Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Харилцаа холбооны салбарын 100 жил: Монгол Улсад телевиз үүсч хөгжсөн түүх

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбооны салбарын 100 жил: Монгол Улсад телевиз үүсч хөгжсөн түүх 2021.02.01 МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо 1956 оны 10 дугаар сард хуралдахдаа “Радио холбоог 1957-1970 онуудад хөгжүүлэх хэтийн төлөлвлөгөө”-г зохиож, түүндээ зурагт радио байгуулах тухай асуудлыг тусгахыг даалгажээ. Тус хэтийн төлөвлөгөөний дагуу ЗХУ-ын зураг төслийн институт 1964 онд Улаанбаатар хотноо зурагт радио байгуулахаар төвийн зураг төслийг хийсэн байна. Улмаар БНМАУ-ыг 1966-1970 онд хөгжүүлэх дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд “ЗХУ-аас үзүүлэх техник эдийн засгийн тусламжийн тухай” гэрээнд зурагт радиог ЗХУ-ын тусламжаар байгуулах асуудал шийдвэрлэгдэв. 1966 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зурагт радиогийн төв байгуулах суурийг Гандангийн дэнж дээр хийж, тухайн үеийн манай улсын нам төрийн бүх удирдлагууд оролцож, 180 м өндөр цамхагийн сууринд АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу хадаг, цай, мөнгөн ембүүг монгол заншил ёсоор байрлуулж байв. БНМАУ-ын СнЗ-ийн 1967 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 204 дүгээр “Зурагт радиогийн туршилтын нэвтрүүлэг явуулах тухай” тогтоолоор Улаанбаатар хотын зурагт радиогийн ашиглалтыг Холбооны яаманд хариуцуулж, тухайн үеийн “Улсын радио төв”-ийг “Радио, зурагт радиогийн төв” болгон өргөтгөж байгуулахаар тогтжээ. Мөн тогтоолд заасны дагуу Ардын хувьсгалын 46 жилийн ойг тохиолдуулан туршилтын нэвтрүүлгийг 1967 оны 6 дугаар сарын 15- ний өдрөөс хийж эхэлсэн бөгөөд улмаар 1967 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн захирамжаар Холбооны сайд Д.Готовоор ахлуулсан улсын комиссыг байгуулж, хүлээн авчээ. Ийнхүү манай улсын анхны зурагт радиогийн төвийн албан ёсны нээлт 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр болж, энэ өдрийг “Телевиз байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй. Тус төвиийг нээх цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр Нарийн Бичгийн Дарга Б.Алтангэрэл нээж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга Ц.Дүгэрсүрэн дэлгэрэнгүй үг хэлж, удирдагч Ю.Цэдэнбал тууз хайчлан нээж байжээ. Тус төвийг 1967 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн АИХ-ын зарлигаар “Октябрийн хувьсгалын 50 жилийн ой”-н нэрэмжит болгож байв. Холбооны яамны харъяанд байсан “Радио, зурагт радиогийн төв”-ийн нэрийг СнЗ-ийн 1970 оны 378 дугаар тогтоолоор “зурагт радио” гэдэг үгийг “телевиз” гэж нэрлэх болсонтой холбогдуулан “Радио телевизийн техникийн төв” болгон өөрчлөн нэрлэхээр болсон байна. Тус техникийн төвийн бүтэц нь аппарат –студийн блок /АСБ/, аппарат программын блок /АПБ/, төв аппарат /ЦА/,аппарат-студийн иж бүрдэл /АСК/, явуулын станц /ПТС/, телевизийн дамжуулах станц /УКВ/ -ээс тус тус бүрдэж байжээ. Радио телевизийн техникийн төвийн анхны дарга Ц.Мятав “Миний мэдэх радио” номондоо “…УКВ станцыг цех гэдэг байсан бөгөөд түүний харъяанд цамхаг, антенн, фидер, нэвтрүүлэгч хамрагдаж байсан бөгөөд анхны Якорь-5/1,5 маркийн нэвтрүүлэгч нь зурагт радиогийн дүрсийг 5кВт-ын, дууг 1,5 кВ-таар  дамжуулах хүчин чадалтай, мөн хэт богино долгионы хоёр радио нэвтрүүлэгч байдаг байсан бөгөөд Улаанбаатар хотод ФМ  хүлээн авагч байхгүй шалтгаанаар ажиллуулалгүй байсаар бараг 3 жилийн дараа их хэрэгцээтэй станц болсон юм. Ленинградын дамжаанд сурсан Р.Энхжаргал, С.Сосор, М.Галсан, С.Чулуунхүү, И.Ичинхорлоо, Ч.Дарьсүрэн нар анхны УКВ-ын  ИТА  бөгөөд  даргаар С.Чимэддорж, Б.Мягмар нар  ажиллаж  байсан  юм.  Якорь  станцын  чадал  нь  хотын  дүүргүүдэд хангалттай, Налайх 40 км, Тэрэлж  60 км,  Батсүмбэр  90 км, ноён уулын  орой 140-160 км  газар  явж  шалгахад  дуу дүрс сайн байсан юм…” гэж дурсан бичжээ. Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монгол Улсын Харилцаа холбооны үүсэл хөгжил, өртөө, улааны тухай

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсын Харилцаа холбооны үүсэл хөгжил, өртөө, улааны тухай 2021.02.16 Анхны өртөө улаа яаж үүссэн цаашид хэрхэн өргөжин хөгжсөн, өртөө улааг зохион байгуулж байсан хэлбэр, харилцаа холбооны хөгжилд нөлөөлж байсан эерэг болон сөрөг хүчин зүйлийн талаар товч мэдээлэл хүргэж байна. Монгол Улсын харилцаа холбооны салбарын дотроос шуудан холбоо нь хамгийн эртний ууган салбарын нэг юм. Өртөө шуудангийн эртний буурал түүхтэй улс орнуудын нэг нь Монгол Улс юм. Эдүгээгийн Монгол Улсын нутагт манай эрины өмнөх III зууны сүүлчээс оршин тогтнож байсан Хүннү нар олон муж хязгаартайгаа түргэн шуурхай харилцах хааныхаа зарлигаа хүргэх, мэдээлэл солилцохын тулд элч зарж, бичиг илгээж байсан мэдээ байдаг. (Монгол Улсын гавъяат холбоочин И.Норовжавын өгүүллээс…) ХҮННҮ УЛСЫН ҮЕИЙН ӨРТӨӨ ШУУДАН Эртний нүүдэлчин монголчуудын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг, утаа зэрэг зүйлс байлаа. Манай эрины өмнөх III зууны сүүлч II зууны эхнээс Хүннү улсад “Оуто ван” буюу өртөө ван хэмээх албан тушаал байжээ. Уг гүрний вангууд эзэн хаандаа яаралтай бичгүүдийг уургын улаа хэрэглэн буухиа элчээр явуулж эхэлснээр шуудан холбооны эх үүсвэр тавигдсан түүхтэй. Мөн III зууны сүүлч II зууны үед Хүннү нар гадаадад элч зарж, бичиг илгээж байсан мэдээ бий. Манай эриний IV зуун “Өртөөчин “ хэмээх албан тушаал бий болж, улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан өртөө байгуулж эхэлсэн. УУРГЫН УЛАА Уургын улаа гэдэг уургалан барих гэсэн утгатай үг бөгөөд харилцан нэвтрэлцэх явдлын нэг хэсэг, түр зуурын өртлөг өртөөний нэг хэлбэр юм. Энэ нь харилцаа холбооны анхны хэрэглэж байсан өртөө. Уургын улаач нь шууданч хаана яваа газраасаа ямар ч айлын сүргээс морь хөсгөө сольж, хүнсний хоол ундаа бэлтгэн хэрэглэхийг хэлдэг. Үүнд нь ард иргэд таатай бус хандаж байсан учир уургын улаач нараас аль болох холуур байхыг хичээдэг байв. Тиймээс уургын улаа нь маш их дутагдалтай байсан жишээ нь өртөө хоорондох зай харилцан адилгүй учраас айл хүнгүй газар унаа хөсгөө сольж чадахгүй, мөн хоол хүнсгүй болох зэрэг эрсдэлтэй тулгардаг байсан. Мөн уургын улаач нарт яаж явах замыг нь зааж өгсөн орчин үеэр бол газрын зураг байхгүй байсан тул яаралтай шуудан бичиг замдаа саатаж хугацаанаасаа хожимдох нь элбэг байв. ЧИНГИС ХААНЫ ҮЕИЙН ШУУДАН XIII зууны эхэнд Монголын тулгар төрийг үндэслэгч их хаан Чингис нэгдсэн Монгол Улсыг байгуулсан тэр цагаас Монгол овог аймгуудын хооронд харилцан нэвтрэлцэх явдал нилээд өргөн болж шуудан өртөө нь улсын нэгдмэл алба болон хөгжсөн байна. Ийнхүү өртөө шуудангийн албыг эхнээс нь төрийн өндөрлөг албадын хооронд болон төрөөс нийгэмд хүргэх мэдээллийг харилцан дамжуулах үндсэн хэрэгсэл, онцгой алба болгон зохион байгуулж иржээ. ӨГӨДЭЙ ХААНЫ ҮЕИЙН ӨРТӨӨ ШУУДАН XII-XIII зууны Монгол оронд Чингис хааны гэрээслэл ёсоор 1228-1241 онд хаан ширээнд сууж байсан Өгөдэйн үед мэдээлэгч, захирагч мэдээлэл нарыг бий болгон өртөө байгуулсан нь харилцаа холбооны хувьд уургын улааг устгаж, улсын өртөө байгуулсан явдал юм. Тэр үед өртөөгөөр цэргийн анги, эд бараа, нум сум, эмээл, хазаар зэргээр юм татаж авах эсвэл хаа хол газраас сувд, тана авчрах явдалд өртөөг өдөр шөнөгүй дайчилж байсан нь иргэдийг ихэд гачигдуулж байжээ. Монгол гүрний хэмжээгээр өртөө байгуулах Өгөдэйн анхны шийдвэр дотор “Элч нарыг явуулахад явдал удаан, улс иргэнд зовлон буй учир “Огооторшуулан“ журам болгон зүг зүгийн мянгат мянгатаас замчин улаачин гаргуулж, суурьт зам өртөө үүсгэн, элч нарыг хамаагүй улсаар үл хэсүүлэн давхцуулах, зөвхөн өртөөгөөр явуулах хэрэгтэй гэж заасан байжээ. Өгөдэй хаан анхны үед 37 суурь өртөө байгуулж, мянгат бүрээс суурь тутамд улаач, унааны морь, хүнсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр гаргах үүрэг ноогдуулж байв. 1232-1233 онд өртөөний ажлыг эмх журамтай болгохын тулд өртөөгөөр пайз тэмдэг, зар бичиггүй явсаныг цаазлах, өртөөгөөр явагчдын хэрэглэх хүнс шүүсний хэмжээг тогтоож, хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг цээрлүүлэн шийтгэж байхаас гадна өртөө замыг зөвхөн бүх монгол орны дотор төдийгүй 1235 оны үед монгол гүрний эзэмшсэн уудам нутагт өртөө замыг байгуулжээ. Энэ утгаар нь Өгөдэй хааныг монголд шуудан холбоог үндэслэгч, түүний байгуулсан шуудан өртөөг одоогийн шуудангийн төдийгүй харилцаа холбооны сүлжээний анхдагч гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Өгөдэй хааны зарлигаар байгуулсан морин өртөө шуудан нь өөрийн их эзэнт гүрнийг нэгтгэн барьж байх гэсэн тэр цагийн монгол хаадын бодлогод чухал үүрэг гүйцэтгэж байсан шигээ дараа дараачийн хаадууд монгол туургатны цаашдын хөгжилд амьдралын янз бүрийн үе шатанд тэдгээрийн эрх ашиг сонирхлыг хангах төрийн захиргааны нэгэн хэрэглүүр болж байв. Монгол шуудангийн зохион байгуулалт ёс журам нь дундад зууны үеийн феодалын дорой буурай цагийн үед хамаарах боловч мөн үеийн Европтой зэрэгцүүлэхэд илүү сайн, тухайн эзэнт улсын байдалд зохицсон байжээ. Иймээс монголын шуудан нь бусад улс орны анхаарлыг татаж, шуудангийн нэр томъёо олон орны үгийг баяжуулсан гэж гадаадын зарим эрдэмтэд бичиж, үзсэн жуулчид магтсан байдаг. Аливаа улсын шуудан нь уналга, тээврийн хэрэгсэлтэй нягт холбоотой болохоор тэдгээрийн хөгжил, төрөл, хүртээмж, зохион байгуулалтаас хамаарч байдаг. Эртний монголын шуудангийн унаа тээврийн гол үндсэн төрөл нь ердийн хөсөг, морь байв. Монгол Улсын хязгаарын дотор болон хязгаар нэвтрүүлэх албан бичиг, захидал зэргийг шуудангаар нааш цааш нэвтрүүлэн явуулахдаа өртөө тутмаас ачих морь, морьтой улаач нэгийг хэрэглэдэг. Албан бичгийн шуудан явуулахад түүн дээр маркны оронд тэр бичгийг явуулсан ба үнийг хураасан албан газрын тэмдэг дардаг байсан байна. Тухайн үеийн тэр тэмдгийг одоогийн марктай адилтгаж болох юм. Монголын өртөө шуудан нь маш их хариуцлагатай алба байсан бөгөөд монголын их гүрний аль ч өнцөгт ямар ч самуун дэгдсэн харийн дайсан халдсан тухай эсвэл өөр ямар нэг чухал хэргийн талаар их хаанд айлтгахын тулд буухиа элч өдөрт 200 бээр, заримдаа 250 бээр тэр үеийн 1 бээр 500 метртэй тэнцүү газар хурдлан мэдээ хүргэдэг байжээ. Маш чухал яаралтай алба гарвал элчид шонхортой пайз олгоно. Элч хоёр өртөөний хоорондох 25 бээр газрыг гэдсээ боон, толгойгоо ороосон байдлаар асар богинохон хугацаанд туулдаг байв. Хэрэв элч хоёулаа байвал хурдан морийг хоёулаа унадаг байсан бөгөөд нэг өртөөнд ирэхэд  нь тусгайлан сойж бэлтгэсэн сэлгээний хурдан морьдыг бэлэн байлгадаг байжээ. Тэд огт сааталгүй дараагийн өртөөнд очиход мөн л морьд бэлэн байдаг байна. Өртөө бүр дээр элч зарлага нарт зориулсан 300-400 морь, том гэр, унтах ор дэвсгэр, тансаг торгон хөнжил, хоол унд хэрэгтэй юм бүхэн элбэг дэлбэг хэзээд бэлэн байдаг байна. Морьдыг мянгат хот цайзуудаас бэлтгэх бөгөөд харин эл хуль газрын өртөөдөд хааны сангаас гаргадаг байжээ. Тэр цагт яаралтай бичиг захианы дөрвөн буланд “Морин дэл дээгүүр довтлон явуул” гэж бичиж, өнцөгт нь нисэж яваа шувуу зураад “Нис, нис” гэсэн бичиж буухиагаар илгээдэг байсан нь хурдлан