Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Холбоочдын “Шар Ордон”

2021.04.21

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад холбоочдын дунд “Шар ордон” хэмээн нэрлэгдэж буй Төв шуудангийн барилгын талаар өгүүлэх болно. Шар ордонд ажиллаж, ажил, амьдралын гараагаа эхэлсэн олон мянган холбоочид болон хойч үеийнхэнд түүх болсон энэ л барилгын талаар өгүүлэхэд таатай байна. БНМАУ-ын Тээвэр, Холбооны яам 1950-аад оны дунд үеэс шуудан, холбооны үйлчилгээний хүрээг тэлж, шуудангийн цэг, салбарыг олшруулах, нийслэлээс аймагт, аймгаас сумдад шуудан, хэвлэлийг 7 хоногт хүргэх тоо давтамжийг нэмэгдүүлэх, мөн хөдөөгийн харилцаа холбооны байгууллагуудыг тохилог орон байраар хангах, харилцаа холбооны олон улсын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаар тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол Улсын харилцаа холбоо, радио, өргөн нэвтрүүлгийн хөгжил, байршлын ерөнхий схем 1957-1970 он” гэсэн анхны төлөвлөгөөг Тээвэр, холбооны яамны орлогч сайд М.Чимиддоржийн удирдлагын дор Олег Александр Константинович нарын зэрэг Зөвлөлтийн мэргэжилтнүүд боловсруулжээ. Энэхүү ерөнхий схемийн дагуу Улаанбаатар хотод харилцаа холбооны төв барилгыг 1960 оны нэгдүгээр улиралд багтаан бариулж, ашиглалтад оруулах талаар 1958 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЗСБНХУ-ын Холбооны яаманд захидал бичсэн байна. Энэ үед холбооны байгууллагууд аж ахуй, санхүү эдийн засгийн хувьд огт бэхжээгүй, 1933-1935 оны үед баригдсан холбооны үйлчилгээний төв барилга нь холбооны үйлдвэр технологийн зориулалтын бус, хэт хуучирсан, халаалт болон хүн ажиллах нөхцөл муугаас гадна холбооны шинэ АТС, техник, тоног төхөөрөмж суурилуулах огт боломжгүй болсон байна. “БНМАУ-ын Харилцаа холбооны ерөнхий хороо нь 1933 онд одоогийн Боловсролын их сургуулийн ар талд модон хашаан дотор модон байшинд, телефон цахилгаан хороо нь шавар байшинд байрлаж байв” гэж ахмад холбоочин Төмөрийн Цэрэн-Очир дурсан бичиж байжээ. БНМАУ-ын Холбооны сайд асан Л.Дамдинжав гуай өөрийн дурдатгалдаа “ … Холбооны төв барилгыг холбооны хөгжлийн ирээдүйн шаардлагыг хангахаар цэвэр үзэмжтэй барьж байгуулах явдал байлаа. Үүнд хөрөнгө, цаг хугацааны олон зүйлийн бэрхшээл тулгарч, нөхөр Л.Дамдинжав өөртөө хөшөө босгохоор зүтгэж байна гэсэн шүүмжлэл зэмлэл хүртэл гарч байсан ч төслөөсөө ухраагүй байна. Энэ нь зөвхөн барилгын асуудал ч биш, хэрэг дээрээ бүх төрлийн холбооны техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх тухай асуудал байсан бөгөөд үнэхээр ч төлөвлөсөн байдлаар шийдэгджээ. Холбооны орлого бага учир ашиглалтын олон чухал арга хэмжээг санхүүжүүлэхэд тээврийн байгууллагуудын оруулсан хөрөнгөөс нэлээд хэсгийг холбооны зарлагад арга буюу авч байсныг холбоочид санаж байх ёстой” гэж тэмдэглэжээ. Харилцаа холбооны төв барилгын ажил шүүмжлэл зэмлэлийн дунд ТХЯ-ны удирдлагуудын идэвхтэй санаачилга, ЗХУ-ын Холбооны яамны тусламж дэмжлэгтэйгээр 1959 оны дундуур эхэлж, ТХ-ны сайдын 1959 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 346 тоот тушаалаар Төв шуудангийн барилгын захиргааг Л.Буджаваар удирдуулан байгуулсан байна. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар Магсарын Чимэддоржийг томилжээ. ТХ-ны сайдын 1960 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 329 дүгээр тушаалаар харилцаа холбооны төв барилгыг хүлээн авах комиссыг орлогч сайд Д.Доржпаламаар удирдуулан, Л.Буджав, Мял, Полуянов, С.Борхүү, Шижээ нарын бүрэлдэхүүнтэй хэсэг 10 дугаар сарын 5-наас эхлэн барилгын ажлыг, Ж.Самбуу, Ш.Гандорж, П.Сэрээтэр, Чойжилсүрэн, С.Пүрэвсамбуу, Д.Гарам-Очир, Л.Сумьяа, С.Лувсанцэнд, З.Дүгэрсүрэн, С.Батдаваа, Г.Шижээ нарын инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг мөн сарын 20 – ноос эхлэн хүлээн авсан байна. БНМАУ-ын харилцаа холбооны төв барилгыг Ази, Европын аль ч хотын харилцаа холбооны барилгаас дутахааргүйгээр орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр ЗХУ-ын тусламжаар тоноглосон бөгөөд энэхүү барилгыг 1960 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авчээ. Төв барилгын нүүрэн талд “ Монгол, Зөвлөлтийн ард түмний ах дүүгийн найрамдал мандтугай” гэсэн лоозон бичиж хадсан байна. Нээлтийн ажиллагаанд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, МАХН-ын Төв хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга Л.Цэнд, нарийн бичгийн дарга Л.Балжинням, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Н.Жагварал, Д.Майдар, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, ТХ-ны сайд М.Чимэддорж нар болон ЗХУ-ын Холбооны сайд Н.Д.Псурцев тэргүүтэй төлөөлөгчид, ЗХУ- аас тус улсад суугаа Элчин сайдыг түр хамаарагч В.И.Левкин, гадаад орнуудаас суугаа Элчин сайдын яамны тэргүүн,гишүүд нар оролцсон байна. Нээлтийн үгийг ТХЯ-ны дэргэдэх намын хорооны нарийн бичгийн дарга Пүрэвжал нээж, ТХ-ны сайд М.Чимиддорж үг хэлжээ. Сайд хэлсэн үгэндээ “Монголын холбоочид бид энхрий хайрт нам, засгийнхаа байнгын анхаарал, ЗХУ-ын тусламжийн ачаар орчин үеийн техник төхөөрөмжөөр тоноглогдсон нийслэл хотын холбооны төв барилгыг баяр ёслолын байдлаар ашиглалтад оруулах гэж байна. Манай энэ баярт ЗХУ-ын Холбооны сайд, бидний хүндэт зочин Николай Демьянович Псурцев оролцож байна. Холбооны төв барилгын ашиглалтад орж байгаа техникийн хэсэг нь 4 давхар 22 метр өндөр, нийтдээ 5190 хавтгай дөрвөлжин метр талбайтай, 132 тасалгаа бүхий 30 гаруй мянган шоо метр багтаамжтай юм. Энэ барилгад механикжсан төв шуудан, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй хот хоорондын телефон, цахилгаан холбооны төв болон олон сувгийн аппарат хэрэгсэл, анхны ээлжид 4000 дугаарын багтаамжтай цаашдаа 10000 цэг хүртэл нэмэгдэж чадах АТС, радио нэвтрүүлгийн зангилгаа зэрэг холбооны үйлчилгээний газруудтай билээ. Энэ нь манай нийслэл хот, улс орны холбооны техник төхөөрөмжийг өргөтгөн хөгжүүлэх одоо цагийн техникийг нэвтрүүлэхэд том бөгөөд чухал алхам боллоо. Энэ барилгад тавигдсан тоноглол төхөөрөмж нь олон тооны нэр төрөлтэй бөгөөд ховор, хүнд нарийн зүйлс байсан боловч тавигдах төхөөрөмж, орох материал нэг бүрийг ЗХУ-ын Холбооны яамнаас бүрдүүлж хугацаанд нь нийлүүлж өгснөөр ажлын зурагт төлөвлөгдсөн ёсоор угсарч тоноглоод ашиглалтад оруулах бололцоо хангагдлаа. Энэ барилга чанар сайтай, цэвэр үзэмжтэй баригдсан бөгөөд зураг төлөвлөгөө ёсоор барьж тоноглох ажилд Улаанбаатар хотын барилга трест, Мебелийн фабрик, Сантехник, цахилгаан монтаж болон Холбооны барилга монтажийн ашиглалтын газрын ажилчид, инженер техникийн ажилтнууд өөрсдийн бүтээлч хөдөлмөр, идэвх санаачилгаа өрнүүлэн ажиллаад, тохиолдсон элдэв бэрхшээлийг амжилттай давж, тавигдсан зорилгоо амжилттай биелүүлэв….”гээд сайд үгийнхээ төгсгөлд ”Холбооны төв барилгыг ашиглалтад хүлээж авч байгаа холбоочид бидний өмнө хариуцлагатай бөгөөд чухал зорилт тавигдаж байна. Өөрийн гардан ажиллах техник төхөөрөмжийг бүрэн эзэмшиж, түүний хүчин чадлыг шавхан гаргаж, үйлчилгээний чанарыг сайжруулан, хэрэглэгч олон түмнийг үргэлж баярлуулан өөрийн техникийн мэргэжил, ерөнхий ба улс төрийн боловсролыг цуцалтгүй дээшлүүлэн, социалист ёсоор ажиллаж сурч, аж төрөх гэсэн манай уралдааны шинэ хэлбэрийг тасаг, ээлж бүрээр өрнүүлж ажиллах хэрэгтэй байна. Харилцаа холбоог хөгжүүлэх гурван таван жилийн төлөвлөгөөг 45 хоногийн өмнө давуулан биелүүлэхээр амласан үүргээ нэр төртэй биелүүлсэн амжилтаа бататгаж, тэр туршлагадаа түшиглэж соёлын довтолгооны эрч хүчийг улам нэмэгдүүлэн, нэгдэл сангийн аж ахуйнуудыг холбоожуулах, айл өрхийг радиожуулах талаар тавигдсан чухал зорилтуудыг нэр төртэй биелүүлэхэд зориг төгөлдөр байгаагаа хамт олныхоо өмнөөс илэрхийлье” гэжээ. (Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос 126 дугаар тал ) Монгол Улсын харилцаа холбооны төв барилга буюу бидний нэрлэж заншсанаар Төв шуудангийн үйлчилгээний танхимд 406 хэрэглэгчийн багтаамжтай шуудангийн хайрцгийг мебелийн үйлдвэрээр хийлгэн тавьснаас гадна нэгдүгээр давхраас хоёрдугаар давхарт шуудан гаргах өргөгч цахилгаан лифт, гадна талаас шуудан хэвлэл оруулах ТП-4 маркийн туузан дамжуулагч, ялган боловсруулах цех тасгуудын хооронд шуудангийн зүйлүүдийг зөөх туузан дамжуулагч, бичиг, захидлын марк тамгалагч ШММ- 48 маркийн машин, МВТУ-5 маркийн шуудан боогч, ППГ-64 маркийн худалдагч автомат зэрэг тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, радио нэвтрүүлгийн ярианы хэд хэдэн студи, хөгжмийн том студи, 15 кВт-ын чадалтай радио зангилаа, хот хоорондын холбооны шугамын нягтруулгын төв, коммутатор, цахилгаан мэдээний аппаратын заал, зай тэжээл, эрчим хүчний иж бүрэн нөөц бүхий байгууламж, хөргөлт, халаалтын цогцолбор, шугам кабелийн төгсгөлийн байгууламж, үйлчилгээний хэд хэдэн заал бүхий орчин үеийн барилга болон сүндэрлэсэн билээ. Төв шуудангийн энэ барилга нь БНМАУ-ын харилцаа холбооны салбарын анхны хөгжил байршлын схемийг хэрэгжүүлэх эхний алхам болсон байна. Тээвэр, холбооны сайдын 1960 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 434 дүгээр тушаалаар Төв шуудангийн барилгын захиргааг үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэж дуусгасан учир 1961 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр татан буулгажээ. Төв шуудангийн барилга ашиглалтад орж, Улаанбаатар хотын шуудан, хот хоорондын болон телефон холбоо, радио узелийн албадууд нэг дор байрлах болсонтой холбогдуулан, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 472 дугаар тогтоолоор эдгээр байгууллагуудыг нэгтгэж, ТХЯ-ны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулжээ. Өнөөг хүртэл энэхүү харилцаа холбооны салбарын барилга нь нийслэл хотын гэрэл, гэгээтэй газрын нэг болон сүндэрлэсээр байгаа бөгөөд харилцаа холбооны үйл ажиллагаагаа амжилттай явуулж, үе үеийнхний үйлчлүүлэх дуртай газрын нэг байсаар байсан, цаашдаа ч байсаар байх болно. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” Л.Дамдинжав” Итгэл хариуцлага” Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Oрчин үеийн тоон технологиор хийгдсэн анхны радио станц Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон РТҮС УТҮГ-ын захирал Б.Дагвасүмбэрэл нар Баян-Өлгий аймгийн Радио, Телевизийн Сүлжээний Газарт ажиллаа. Анх Чехословак улсын тусламжтайгаар 1965 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Өлгий” радио өргөн нэвтрүүлгийн станц нэртэй ашиглалтанд орж төвийн радио өргөн нэвтрүүлгийн 1–р программыг Монгол орны баруун хэсэгт дахин дамжуулж эхэлсэн түүхтэй байгууллага юм. Одоогоор Баян–Өлгий аймгийн нутаг дэвсгэрт болон Ховд, Увс аймгийн нийт 52 сум, суурин газрын хэрэглэгчдэд Монголын үндэсний олон нийтийн радиогийн нэг, хоёрдугаар сувгийн нэвтрүүлгийг болон өргөн нэвтрүүлгийг хүлээн авч дахин дамжуулах, орон нутгийн казак хэлний нэвтрүүлгийг дамжуулах чиглэлд 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мөн Монголын үндэсний олон нийтийн телевиз болон арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг аймгийн төв болон сум суурингуудад байгаа 50-200 Вт-ын телевизийн дахин дамжуулах станцуудаар тухайн сум сууринд дамжуулж, оршин суугчдыг мэдээллээр хангах үүрэг хүлээн ажиллаж байна. Баян-Өлгийн радио станцад далайн түвшнээс 4700 метрт өргөгдсөн Монгол улсын хамгийн өндөр 350 метрийн өндөр цамхаг ашигладаг онцлогтой. 2014 онд Монгол улсад радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх засгийн газрын тогтоол гарсан ба тус станцын радио нэвтрүүлэх станцыг орчин үеийн тоон технологиор хийгдсэн Герман улсын TRAM – 150L радио станцаар шинэчлэн сольж 2012 оны 12 сарын 12 өдөр 12 цаг 12 минутаас эхэлж анхны нэвтрүүлгээ цацаж эхэлсэн юм.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт өнөөдөр (2023.10.09) ажиллаж байна. Энэ хүрээнд тус аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын газрын дарга М.Отгонбат нартай уулзаж, санал солилцлоо. Төв аймаг нь Цахим аймаг хөтөлбөрийн хүрээнд иргэдэд бүх төрлийн мэдээ, мэдээлэл өгөх, санал хүсэлт, өргөдөл гомдол авах “Дижитал -Төв аймаг” аппликейшныг энэ ондоо багтаан нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн тус аймгийн 18 сумдын 21 чиглэлийг хамарсан 1046,8 км шилэн кабельтай бөгөөд гурван сум шилэн кабельд холбогдоогүй аж. Мөн “Цахим Төв аймаг” хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч цаашид уг хөтөлбөрийг боловсронгуй болгох хүрээнд цахим дэд бүтцийг бий болгон мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулахаар ажиллаж буй талаар аймгийн удирдлагууд мэдээлэв. Тус аймаг нь засаг захиргааны хувьд Монгол Улсын хамгийн олон сумтай аймаг буюу 27 сум, 97 багтай, 94 мянган хүн амтай. Аймгийн эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй бөгөөд 5.1 сая толгой малтай, газар тариалангийн 306.8 мянган га эргэлтийн талбайтай гэдгээрээ онцлогтой.

Шуудангийн үйл ажиллагаанд дроны технологийг ашиглах туршилтын төсөлд Монгол Улс сонгогдсон

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Дэлхийн Шуудангийн Холбооны дэд захирал Марьян Освалд тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.07.01/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд захирал Марьян Освалдын зүгээс Ази, Номхон далайн шуудангийн холбооны  Удирдах Зөвлөлийн ээлжит хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулж буйд Монгол Улсын Засгийн газар болон Монгол Шуудан ХК-ийн хамт олонд талархал илэрхийлээд газар зүйн хувьд хэдийгээр далайд гарцгүй, хязгаарлагдмал гарцтай орон боловч шуудангийн томилогдсон оператор компани маш амжилттай ажиллаж, цаашид өсөн дэвжих өргөн боломж байгааг онцоллоо. Мөн шуудангийн үйл ажиллагаанд дроны технологийг ашиглах чиглэлээр туршилтын төсөл хэрэгжүүлэх орнуудын нэгээр Монгол Улс сонгогдсон талаар дурдан, төслийн хүрээнд дроны чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулахад улс орнуудад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Монгол Шуудан ХК бол төр, хувийн хэвшлийн түншлэлийн маш амжилттай жишээ болон 2016 оноос үйл ажиллагаа, үр ашиг нь дээшилж байгааг онцлон, Монгол Улсын Засгийн газраас дроны технологийг шуудангийн үйл ажиллагаанд ашиглах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар анхаарч ажиллаж байгааг дурдлаа. Мөн Шуудангийн үндэсний сүлжээг сайжруулж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүсийн төвүүдэд түшиглэсэн хабууд байгуулахаар төлөвлөж байгаа талаар дурдлаа. Уулзалтын төгсгөлд дэд захирал Марьян Освалд шуудангийн дэд бүтэц бол онц чухал дэд бүтцийн нэг бөгөөд шуудангийн үйлчилгээгээр хязгаарлагдахгүй цахим худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хавсран эрхлэн бүрэн боломжтой онцгой салбар гэдгийг онцолсон юм.