Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

2021.04.02

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Huawei компанийн удирдлагууд Mobile World congress дахь манай booth-ээр зочиллоо

Huawei компанийн Олон улсын харилцааны газрын дэд ерөнхийлөгч Чэн Лианг, Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Сонг Яаху нар Mobile World congress дахь манай booth-ээр зочилж, Засгийн газрын цахим шилжилтийн ажлууд, хувийн хэвшлийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа. Энэ хүрээнд ЦХХХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх төслийн талаар Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэгтэй санал солилцож, цаашид илүү үр дүнтэй, нягт хамтран ажиллах талаар ярилцсан юм. Үүний дараагаар манай төр, хувийн хэвшлийн төлөөллүүд мөн Huawei компанийн технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцав. Huawei энэ жилийн MWC-т хамгийн том талбайд, хамгийн олон дэвшилтэт технологио танилцуулан оролцож байна.

7 хоног: Алслагдсан багт сүлжээ нэвтрүүлнэ | Хиймэл оюун ухааны хууль эрх зүйн орчныг бий болгоно | Хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэгч нартай уулзав

АЛСЛАГДСАН БАГИЙН ИРГЭД ГАР УТАСНААСАА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВНА Алслагдсан багийн иргэд гар утаснаасаа төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэхээс 2024 онд 74, 2025 онд 55 багийг холбоно. Тодруулбал, ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БИЙ БОЛГОХОД ИХ БРИТАНИ УЛСТАЙ ХАМТАРНА Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт болон Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвийн эрдэмтдийг энэ сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр “И-Монгол” академийг төрийн их өгөгдөл, хиймэл оюун ухааны төв болгохоор зорьж буйг онцлон, хиймэл оюун ухааны хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгох, сансар судлал зэрэг шинэ хуулийн төслүүдийг боловсруулах, хүүхэд залууст код бичих ур чадвар олгох чиглэлд Их Британи Улстай хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар Их Британи Улсын сайн туршлагад үндэслэн төрийн байгууллагуудын нэгдсэн www.gov.mn вебсайтыг хөгжүүлж байна. ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗЛАА Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэгч нартай уулзлаа. Уулзалтад Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дарга Ч.Золбаяр, Д.Болор, Б.Балгансүрэн, Ондо Холдинг, ДДэш Тв, Монголсат, Мобиком зэрэг байгууллагын төлөөллүүд оролцов. 30 гаруй жил яригдаж байсан “Үндэсний хиймэл дагуул” төсөл нь энэ дөрвөн жилийн хугацаанд биеллээ олох гэж буйд салбарын мэргэжилтнүүд сайшаалтай хандаж байгаагаа илэрхийллээ. Үндэсний хиймэл дагуул хөөргөснөөр Харилцаа холбооны бие даасан системтэй болж, Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломж нээгдэнэ. 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно. Шилэн кабелиар интернетийн үйлчилгээ үзүүлэх  29 их наяд төгрөг хэмнэнэ. ШУУДАНГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ ШИНЭЧИЛЖ, ЗАХ ЗЭЭЛИЙГ НЬ ТЭЛНЭ Дэлхийн Шуудангийн өдөр аравдугаар сарын 9ний өдөр тохиолоо. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд шуудангийн салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Салбар яамнаас Шуудангийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх; Технологийн дэвшил, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх; хүргэлтэд дрон нэвтрүүлэхээр зорьж байна. Мөн 40 тэрбумын шуудангийн зах зээлийг тэлнэ. “ШИЙДЭЛТЭЙ УУЛЗАЛТ – ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдын санаачилгаар Шийдэлтэй уулзалтыг тогтмол зохион байгуулж байна. Цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх зорилгоор “Шийдэлтэй уулзалт Цахим гарын үсэг нээлттэй хэлэлцүүлгийг аравдугаар сарын 15-өдөр зохион байгуулах гэж байна. Цахим гарын үсэг нь цахим баримтад гарын үсэг зурсан этгээдийг тодорхойлох үг, үсэг, тоо, тэмдэг, дүрсийг агуулсан өгөгдөл юм. 2015 оноос хойш 1 287 187 хүнд энэхүү гарын үсгийг олгожээ. Ц.БААТАРХҮҮ САЙД SPACEX КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү SpaceX компанийн Хөөргөлтийн үйлчилгээ хариуцсан менежер Эван Ферликийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Эван Ферлик Монгол Улс Үндэсний хиймэл дагуулаа хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байдаг баяр хүргэж, SpaceX компанийн үйл ажиллагааг танилцуулж, АНУ-д айлчлах боломж тохиовол тус компаниар зочлохыг урив.ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Монгол Улсын Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь Үндэсний хиймэл дагуул гэдгийг дуулгаж, тун удахгүй УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буйг онцлов. ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРДЭМТЭД НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ Хиймэл оюун ухааны эрдэмтэд Нобелийн шагналын эзэн боллоо. Тодруулбал, Жеффри Хинтон, Жон Хопфилд нар “Машин оюуны” судалгааны чиглэлээр хийсэн бүтээлээрээ авчээ. Канадын профессор Жеффри Хинтоныг “Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг” гэж нэрлэдэг. Нобелийн шагналтан болох 91 настай Жон Хопфилд нь АНУ-ын Принстоны их сургуулийн профессор, 76 настай профессор Жеффри Хинтон нь  Канадын Торонтогийн их сургуулийн профессор юм. “Машин оюун” нь хиймэл оюун ухааны түлхүүр бөгөөд энэ нь компьютерт мэдээлэл өгөгдөл үүсгэхийн тулд өөрийгөө сургах чадварыг хөгжүүлдэг салбар юм. Ингэхдээ интернэтээс хэрхэн хайлт хийхээс эхлээд утсан дээрээ зураг засварлах хүртэл бидний ашиглаж буй өргөн хүрээний технологийг шинэчилж, хөгжүүлж ирсэн.

Жендэрийн үндэсний хорооны ажлын алба ЦХИХХЯ-нд ажиллаж, Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 71 дүгээр захирамжаар “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдсан. Энэхүү төлөвлөгөөг төрийн захиргааны төв байгууллага болон төрийн холбогдох байгууллагуудад үе шаттай танилцуулах арга хэмжээг Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас зохион байгуулж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд өнөөдөр ( 2024.10.18) Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яамны албан хаагчид болон яамны харьяа, салбар байгууллагын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд  танилцууллаа. Энэхүү төлөвлөгөөний зорилго нь эрэгтэй, эмэгтэй хүний талаарх уламжлалт сэтгэлгээ, нийгмийн хүлээлтээс үүдэлтэй дарамтыг арилгах, хувь хүний заяагдмал эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.