Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбооны салбарын 100 жилийн ой: АНХНЫ ХОЛБООНЫ БАЙШИН

2021.01.18

Монгол Улсын анхны Ерөнхий сайд, сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 оны 12 дугаар сарын 15-нд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталж, Монгол Улсад телефон холбоо үүсч хөгжсөн хэмээн үздэг билээ. Энэхүү телефон станц нь өнөөгийн Бөхийн өргөөний баруун хойно байрлах нэг давхар ногоон байшинд (“Анхны холбооны байшин”) байрлаж байсан. Орос загварын энэхүү байшинд оросын худалдааны төлөөлөгчийн газар байрлаж байсан ба зүүн талд нь Цогт Бадамжавын байшин (эдүгээ нийслэл Улаанбаатарын музей байгаа) зэрэг оросууд суурьшиж байсан гэдэг. Ерөнхий сайд Т. Намнансүрэнд 1913 онд Орос Улсын II Николай хааны бэлэглэсэн 25 хэрэглэгчийн багтаамжтай телефон станцыг цахилгаан, байр, угсарч ажиллуулах хүний боломжийг харгалзан энэхүү байшинд суурилуулсан тухай түүх болон дурьдатгал номуудад тэмдэглэсэн байдаг. Дээрх телефон станц нь 1934 он хүртэл энэ байшиндаа ажиллаж 60, 100, 300, 500 дугаараар тус тус өргөтгөн ажиллуулж байгаад зай талбай бага учраас цаашид өргөтгөх боломжгүй болж, 1934 онд одоо Төв шуудан буй байшингийн суурин дээр радио холбоо, цахилгаан мэдээ, телефон холбоо, шуудангийн үйлчилгээ бүхий холбооны нэгдсэн хоёр давхар байшинд шилжүүлсэн түүхтэй. БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Холбооны ерөнхий газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 25 –ны өдрийн 31 дүгээр тушаалаар Харилцаа холбооны 70 жилийн ойд зориулан Харилцаа холбооны түүхэн замналын музей байгуулахаар хуучин ашиглаж байсан байр (Анхны холбооны байшин)-нд бүрэн засвар хийж, мөн онд Холбооны түүхэн замналын музейг нээн 1997 он хүртэл ажиллуулсан. Харилцаа холбооны энэхүү түүхэн байшингийн өнөөгийн ашиглалтанд анхаарал хандуулан 2003 оноос хойш өмчлөгч-эзэмшигчийн талаар судалж, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үндсэн дээр 2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр тогтсон билээ. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 тоот тушаалаар аймаг нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт газрын жагсаалтыг баталсан ба “ Анхны холбооны байшин” нэрээр түүх, соёлын өвд бүртгэгдээд байна. Анхны холбооны байшин Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд DIMON хэмээх хиймэл оюуны загвар бүтээжээ

Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд математикийн нарийн төвөгтэй асуудлыг уламжлалт аргуудаас хэдэн мянга дахин хурдан шийддэг DIMON хэмээх хиймэл оюуны загварыг бүтээжээ. Хэсэгчилсэн дифференциал тэгшитгэл гэж нэрлэгддэг эдгээр асуудлууд нь инженерчлэл, шинжлэх ухаан, анагаах ухаанд чухал ач холбогдолтой боловч шийдвэрлэхэд олон хоног шаардагддаг байна. DIMON стандарт компьютер дээр үүнийг ердөө 30 секундэд шийдвэрлэх боломжтой. 1000 гаруй дижитал зүрхний загвар дээр туршсан DIMON нь хүний зүрхний цохилтыг нарийн тооцоолж, зүрхний хэм алдах эрсдэлийг үнэлж, эмчилгээ санал болгоход эмч нарт туслах юм. Анагаах ухаанаас гадна DIMON нь сансар огторгуй, автомашин, иргэний инженерчлэл зэрэг салбарт хэрэглэгдэхүүнтэй. Дулаан, стресс, хөдөлгөөн зэрэг физик системийг хуртай дуурайж инженерүүдэд илүү аюулгүй, илүү үр ашигтай бүтээгдэхүүн зохион бүтээхэд туслах юм.

6G-ээр секундэд 20 гаруй кино татна

Эрдэмтэд “Утасгүй мэдээлэл дамжуулах хурдны шинэ дээд амжилтыг секундэд 938 гигабайт” хэмээн тогтоолоо. Энэхүү хурд нь 30 гигабайт багтаамжтай 4К киног ердөө 0.26 секундэд татаж авах боломжтой. 150 ГГц хүртэлх радио давтамжийг ашиглах боломжийг олгодог радио болон оптик технологийг хослуулснаар ирээдүйд 7-24 ГГц, 90-300 ГГц гэх мэт өндөр давтамжийн зурвасуудыг ашиглан илүү хурдан 6G сүлжээг үүсгэнэ. Радио дохио үүсгэхийн тулд гэрлийг ашигладаг миллиметр долгионы фотониктэй өндөр хурдны электрон төхөөрөмжийг нэгтгэнэ. Ингэснээр эрдэмтэд өмнөх утасгүй системээс тав дахин их зурвасыг бий болгох юм. Энэхүү технологи нь сүлжээний түгжрэлийг бууруулснаар шоу тоглолт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд утасгүй холболтыг дээд хурдаар ашиглана. Дээрх технологийг одоогоор лабораторид туршиж байгаа бөгөөд ойрын таван жилийн дотор уг технологийг арилжааны төхөөрөмжид нэгтгэхийг зорьж байна. Мөн арилжааны зориулалттай загвар бүтээхээр төлөвлөжээ. Эх сурвалж: Technology innovation

“Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форум зохион байгуулагдаж байна

  Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулж буй “Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форум 2025 оны 9 дүгээр сарын 24–25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү форумыг Монгол Улсад зохицуулах байгууллага байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа бөгөөд дижитал шилжилтийн эринд зохицуулалтын бодлого, зохион байгуулалтын шинэчлэл, олон улсын чиг хандлага, туршлагыг хэлэлцэх чухал арга хэмжээ юм. Форумд Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын Эрх зүйн асуудлаар зөвлөх төв, Интернэтийн нэр, тоон хаягийн корпораци, Хөдөлгөөнт харилцаа холбооны ассосацийн глобал систем, Азийн Номхон далайн бүс нутгийн сүлжээний мэдээллийн төв, Тайланд улсын зохицуулах байгууллага, Малайз улсын зохицуулах байгууллага, технологи үйлдвэрлэгч Huawei компани зэрэг олон улсын байгууллага, салбарын гол тоглогчид болон Монголын оператор компаниуд оролцож байна. Хөтөлбөрийн хувьд: I. Дижитал эдийн засгийн зохицуулалтын чиг хандлага Форумын эхний хэсгийн хуралдааныг ХХЗХ-ны гишүүн бөгөөд ажлын албаны дарга А.Лувсан-Очир удирдан чиглүүлж, дижитал эдийн засгийн зохицуулалтын чиг хандлага, онлайн платформын өрсөлдөөн, дижитал экосистемийг хамтын ажиллагаанд суурилан хэрхэн хөгжүүлэх тухай хэлэлцэв. Энэ хэсэгт онлайн платформын өрсөлдөөнийг хамгаалах, дэмжих, зах зээлийн давамгайлал ба шударга өрсөлдөөний бодлого, дижитал орчинд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үндэсний зохицуулалтын үүрэг, хил хязгааргүй дижитал экосистемд тулгарч буй сорилт, зохицуулах байгууллагуудын чадавх зэрэг асуудлыг хөндөж, дижитал орчинд зохицуулалтын шинэ загвар шаардлагатайг онцоллоо. II. Дижитал дэд бүтцийн хөрөнгө оруулалт Хоёр дахь хэсгийн хуралдааныг ЦХИХХ-ны төрийн нарийн бичгийн дарга бөгөөд ХХЗХ-ны гишүүн Ч.Золбаяр удирдан явуулж, дижитал дэд бүтцийн хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэв. Энэ хэсэгт урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, алслагдсан болон хөдөө орон нутгийн бүсүүдийг холбох шийдэл, дэд бүтцийн технологийн сонголт (LEO/GEO/MEO хиймэл дагуул, хувийн сүлжээ, FWA), сүлжээ, дэд бүтцийг  хамтран ашиглах бодлого, 5G холболтын чанарыг сайжруулахад төрийн үүрэг, оролцоо зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа. III. 5G сүлжээг ашиглах боломж Гуравдугаар хуралдааныг ХХЗХ-ны Радио давтамж, хяналт, зохицуулалтын газрын дарга Ц.Чулуунбат удирдан чиглүүлж, 5G сүлжээ, үйлчилгээний хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, “арилжин борлуулах” боломжийг дээшлүүлэхтэй холбоотой олон улсын туршлага, хөрөнгө оруулалт, бодлого, зохицуулалтын асуудлыг хэлэлцэв. Энэ хэсэгт шинэ үеийн технологи, стандарт, дэд бүтцийн төлөвлөлт, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх бодлого, үйлдвэрлэлд ашиглах радио давтамжийн зурвас,  сүлжээ, дэд бүтцийн хүртээмжийг бий болгох, үндэсний суурь сүлжээний чанарыг сайжруулах, 5G-ийн бизнес загварт үзүүлэх нөлөө ба үнэ цэнэ зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хамруулж хэлэлцлээ. Мөн уламжлалт радио давтамжийн бодлогын шинэчлэлт, радио давтамжийн зурвасыг хамтран ашиглах боломж, шийдэл, 5G сүлжээг ашиглан хоёрдогч зах зээл бий болгох талаар чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг өрнөв. IV. Хиймэл оюун ухааны зохицуулалт Форумын сүүлийн хэсгийн хуралдааныг ХХЗХ-ны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд удирдан явуулж, хиймэл оюун ухааны зохицуулалтын өнөөгийн чиг хандлага, хиймэл оюун ухааныг ашиглан инновацийг дэмжихийн зэрэгцээ эрсдэлийг тэнцвэржүүлэх асуудлыг хэлэлцэв. Энэ хэсэгт хиймэл оюун ухааны бодлого, зохицуулалт, ил тод байдал, өгөгдөлд хандах эрх, хэрэглэгчийн суурь эрхийг хамгаалах, итгэмжлэгдсэн AI – сайн дурын баталгаанаас заавал мөрдөх шаардлагад шилжих, хиймэл оюун ухааныг зохицуулалтын арга хэрэгсэл болгон ашиглах туршлага, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа. Форумын ач холбогдол “Харилцаа холбооны зохицуулалт 2025” форум нь Монгол Улсад дижитал шилжилтийн сорилт, боломжийг шийдвэрлэхэд зохицуулалтын үйл ажиллагаагаар дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангуулах зохистой шийдэл, гарц гаргалгааг гаргахад холбогдох талууд хамтдаа хэлэлцэж, шийдвэрлэх алхамыг хийж буй чухал арга хэмжээ болж байна. Энэхүү арга хэмжээ нь зохицуулалтын хараат бус байдлыг хангах, дижитал эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, ирээдүйн зохицуулагчдын шинэ ур чадвар, арга хэрэгслийг тодорхойлох зорилготой юм.