Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ байгуулагдсан нь /Цуврал №5/

2021.01.27

Монгол Улсын харилцаа холбооны хөгжил, байршлын ерөнхий схемийг тэр үеийн ЗХУ-ын Холбооны яам болон зураг төслийн институт хамтран боловсруулж, 1970-1990 онд Монгол орныг бүрэн радиожуулах, холбооны сүлжээнд шинэ техник нэвтрүүлэх асуудлыг боловсруулж, шийдвэрлэсний дагуу ЗХУ-аас Монгол Улсын холбоог хөгжүүлэхэд 60 сая шилжих рублийн буцалтгүй тусламжийн бэлэг өгөх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан байна. Тус бэлгийн хөрөнгөөр: Хонхор дахь радио нэвтрүүлэх төвийн хоёр дахь өргөтгөл, Чойбалсан, Даланзадгад, Алтай, Мөрөнд урт, дунд долгионы 150 кВт-ын болон богино долгионы 12кВт-ын хүчин чадалтай иж бүрэн радио станц бүхий барилга байгууламж, Өлгий, Сайншандад богино долгионы 12 кВт хүчин чадалтай радио нэвтрүүлэгчийг тус, тус барьж байгуулахаар шийдвэрлэсэн байна. Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээг бий болгоход 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Алтай, Даланзадгад, Чойбалсан, Мөрөнд байгуулсан их хүчний радио станцууд онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Алтай хотод их хүчний эхний станцыг иж бүрэн барилга байгууламжийн хамтаар 1978 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ашиглалтанд хүлээн авчээ. Алтайн радио нэвтрүүлэх станц нь урт долгионы 150кВт хүчин чадалтай ДСВ-150 /Шторм/, 12 кВт-ын чадалтай богино долгионы Вязь-12/25 нэвтрүүлэгч тус бүр нэг иж бүрдэл, 260 метр өндөр цамхаг бүхий урт долгионы АРРТ, 60 метр өндөр цамхаг бүхий дунд долгионы АМШП, богино долгионы зенитэн антен фидер, эрчим хүч хөргөлтийн систем бүхий иж бүрэн барилга байгууламжаас бүрдэж байв. Тус радио нэвтрүүлэх станцыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаанд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Сайд Нарын Зөвлөлийн 1 дүгээр орлогч дарга Д.Майдар, Холбооны сайд Д.Готов, МРТУХорооны дарга С.Пүрэвжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байсан бөгөөд анхны даргаар Н.Төмөхүү, ахлах инженер С.Ходрой, лабораторийн инженер Ц.Довдон, ээлжийн ахлагчаар В.Баянбаатар, М.Мягмар, Г.Дорж техникчээр Б.Баттөр, Д.Сувдаа, Д.Чогжмаа,Т.Туваан, З.Баяраа, Т.Баярмагнай гэсэн анхдагч бүрэлдэхүүнтэй ажиллаж байжээ.

Говь-Алтай аймаг дахь ДСВ-150кВт станцын антен-фидерийн систем

Радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээний салшгүй нэг хэсэг бол Монгол орны зүүн хязгаар Чойбалсан хотод байгуулагдсан их хүчний радио станц билээ. Тус бэлгийн хөрөнгө оруулалтын хоёр дахь станцыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаа 1978 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр станц дээр болж, МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн НТХ-ны НБД Д.Моломжамц, Холбооны сайд Д.Готов нарын зочид төлөөлөгчид оролцож нээсэн байна. Тус хөрөнгө оруулалтаар урт долгионы их хүчний ДСВ-150кВт /Шторм/, богино долгионы Вязь-12/25 кВт нэвтрүүлэх төхөөрөмжүүд, түүний антен-фидерийн систем, хөргөлт цахилгаан эрчим хүчний барилга байгууламжуудыг иж бүрнээр нь барьж ашиглалтанд оруулав. Чойбалсангийн их хүчний радио станц ашиглалтанд орсноор Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан радио нэвтрүүлэг дамжуулах техникийн боломж бүрдсэн. Чойбалсангийн радио станцын анхдагчаар лабораторийн инженер Владимор, ээлжийн инженер Нармандах, Гантөмөр, Баярмагнай, техникч Дорлиг, Норжинсүрэн, Энхтуяа нар ажиллаж байжээ.

Өргөн уудам нутгийн өмнө хэсэгт радио өргөн нэвтрүүлгийг найдвартай дамжуулан хүлээн авах техникийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад хотод Алтай,Чойбалсангийн радио станцын ижил төрөл хийцтэй их хүчний гурав дахь радио станцыг байгуулсан. Энэхүү станцыг 1978 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авах ёслол болж МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, СНЗ-ийн 1-р орлогч дарга Д.Майдар, СНЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэн, Холбооны сайд Д.Готов тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байжээ. Радио станцын анхны дарга нь Д.Сумьяа, лабораторийн инженер Г.Цоодол, ээлжийн инженер Д.Гунгаа, Д.Ганбат техникч Ш.Бямбадорж, Д.Хандаа, П.Ишдорж нар анхдагчаар ажиллаж байв.

Тус бэлгийн хөрөнгийн дөрөв дэх бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын радио нэвтрүүлэх төвийн хоёр дахь цогцолбор болох богино долгионы 100 кВт-ын чадалтай ПКВ-100/Гром/, 250-кВт-ын чадалтай богино долгионы ПКВ-250/Вьюга/ нэвтрүүлэгчээс бүрдэх иж бүрэн барилга байгууламж, антен-фидерийн системээс бүрдэх цогцолбор юм.

Хонхор дахь Радио нэвтрүүлэх төв станцын хоёр дахь цогцолборыг хүлээн авах ёслолын ажиллагаа 1979 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болж тухайн үеийн нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Н.Лувсанравдан, Д.Майдар, Д.Моломжамц, Т.Гомбожав, СНЗ-ийн орлонч дарга С.Лувсангомбо, Ч.Сүрэн, ЗХУ-аас тус улсад суугаа Элчин сайд А.И.Смирнов, Холбооны сайд И.Норовжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож, Ю.Цэдэнбал, А.И.Смирнов нар тууз хайчлан шинэ цогцолборын үйл ажиллагааг нээсэн байна.

РНТС-ын хоёр дахь өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүд оролцож, Ю.Цэдэнбал дарга нээж үг хэлж байгаа нь /1979.7.5/

РНТС-ын хоёр дахь өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүд оролцож, РНТС-ын ерөнхий инженер Б.Болд үг хэлж байгаа нь /1979.7.5/

РНТС-ын хоёрдугаар өргөтгөлөөр байгуулалгдсан ПКВ-250ба ПКВ-100кВ- ын богино долгионы нэвтрүүлэгч.1979 он.

Тус цогцолборын нийт өртөг нь 3700,0 мянган шилжих рубль буюу тэр үеийн 4100,0 мянган ам.долларын ханшаар үнэлэгдсэн байна. Тус цогцолборт байгуулагдсан их хүчний богино долгионы ПКВ-100кВт ба ПКВ-250кВт радио нэвтрүүлэгч ашиглалтанд орсноор “Монголын дуу хоолой” радио станцын гадаад хэлний нэвтрүүлгийг Ази номхон далай, Энэтхэг-Хятадын бүс нутгуудад дамжуулан нэвтрүүлэх хүчин чадал хоёроос тав дахин нэмэгдэж гадаад нэвтрүүлгийн сонсголын чанарт эргэлт гарсан юм.

ПКВ-250 нэвтрүүлэгч  нь:

  • Ажиллах давтамжийн цараа:  3,95-26,1 мГц
  • Гаралтын чадал:  250кВт, Суурьлагдсан хүчин чадал 550кВт/цаг,
  • Нэг давтамжаас нөгөөд шилжих  хугацаа: 5 мин
  • ГУ-43Б маркийн 10ш ламп бүхий өргөн зурвасын өсгөгчтэй /давтамж бүр дээр тохиргоо хийх шаардлагагүй/
  • Эцсийн ба эцсийн өмнөх каскадын резонансын тохиргоо нь цахилгаан механик редуктороор дамжин контур болон вакуум конденсатороор зэрэг хийгддэг
  • Үндсэн ба нөөц өндөр давтамжийн өрнүүлэгчтэй
  • Ууран болон салхин хөргөлтийн системтэй
  • ГУ-61П, ГУ-68П лампын анодын хүчдэл нь тосон таслуурын системээр дайрч ФУИ буюу тристорон удирдлагын схемээр хийгдсэн/энэ нь анодын хүчдэлийг удирдах боломж олгосон/
  • Иж бүрэн УБС-ын/уравление, блокировки и сигнализаций/хамгаалалтын системтэй
  • Үйлдвэрийн ГРУБОЙ болон ТОЧНЫЙ тохируулгын системтэй гэх мэт олон технологийн дэвшилтэй нэвтрүүлэгч юм.

1979 онд ашиглалтанд орсон ПКВ-250 кВт-ын нэвтрүүлэгч

ПКВ-250 нэвтрүүлэгчийг нэг давтамжаас нөгөө давтамжинд шилжүүлэн богино хугацаанд тохиргоо хийх автомат тохиргоотой, ус-ууран хөргөлтийн системтэй хийгдсэн анхны нэвтрүүлэгч байв.

1978 онд ашиглалтанд орсон ПКВ-100 кВт-ын нэвтрүүлэгч

ТЗ-2- т байрлах антены коммутатор нь ПКВ-250, ПКВ-100 нэвтрүүлэгчүүдийг СГД маркийн 126, 178, 230 градусын Азимуттай зургаан антеннд захиалагч байгууллагын заасан чиглэлд ээлжлэн залгаж нэвтрүүлгээ дамжуулан нэвтрүүлэх боломжийг олгодог цахилгаан механик үйлдлийн системтэй тухайн үеийн дэвшилтэт технологи бүхий төхөөрөмж байв.

ПКВ-250 нэвтрүүлэгчийн антенны коммутатор

СГД 1 ба 2 /азимут 230/ , СГД 3 ба 4 /азимут 178/ градусын антенууд.1979 он

СГД 5 ба 6 /азимут 126/ градусын антенууд.1979 он.

“Монголын дуу хоолой” радио станцын долгион тархалтын хүрээний зураглал. /ПКВ-250 кВт-ын нэвтрүүлэгчээр/

ЗХУ-ын бэлгийн 60 сая шилжих рублийн тав дахь бүтээн байгуулалт нь орон нутаг дахь нэгдсэн сүлжээний нэг иж бүрдэл болох Мөрөнгийн радио станцыг 1981 оны 2-р сарын 22-ны өдөр ашиглалтанд хүлээн авчээ. ЗХУ-аас бэлэглэсэн олон барилга байгууламжийн нэг болох энэхүү радио нэвтрүүлэх станцыг хүлээн авах ёслолд СНЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэн, Холбооны сайд И.Норовжав тэргүүтэй удирдлагууд оролцож байв. Тус станц нь 150 кВт чадалтай дунд долгионы 882 кГц-ын давтамж дээр ажиллах “Шторм” маркийн станц болон богино долгионы 12 кВт-ын Вязь нэвтрүүлэгчүүдийг иж бүрэн антен-фидерийн байгууламжийн хамтаар байгуулан хүлээлгэн өгсөн байна.  Тус станцыг анх ашиглалтанд ороход даргаар Ц.Чогжмаа, ахлах инженерээр Х.Пүрэвсүрэн, лабораторийн инженерээр Д.Сосор, ээлжийн инженер Д.Шөжөөн, Ж.Жаргалсайхан, Г.Буянбадрах, Ш.Цэрэндулам, техникч Б.Чимэдцэрэн, Д.Дашпэлжид, Ү.Бэхбат, Д.Должинсүрэн, антены монтёр Д.Дорлиг, цахилгааны техникч Д.Даваасүрэн, хөргөлтийн техникч Ц.Иван нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна.

Ийнхүү ЗХУ-ын буцалтгүй тусламжийн 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээг урт дунд болон богино долгионы гэсэн хоёр сүлжээтэй байхаар төлөвлөсөн бүх зургаан иж бүрэн их хүчний радио станцууд ашиглалтанд орсноор Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 95 хувь нь радиогийн найдвартай сонсголын бүсэд хамаарагдаж, манай улсын хаана ч радио өргөн нэвтрүүлгийг сонсох техник технологийн боломж бүрдсэн.

ЗХУ-ын буцалтгүй тусламжийн 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээ

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

 

Бусад мэдээ

Э.Батшугар: Дижитал эрин, хиймэл оюун ухааны талбарт  бидний өрсөлдөх давуу тал бол  Монгол  залуус

“Монголын эдийн засгийн форум 2025” энэ сарын 8-9-ний өдрүүдэд Төрийн ордонд “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор зохин байгуулагдлаа. 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Монголын эдийн засгийн форум 2025”-д  “ДИЖИТАЛ ЭРИН: ХИЙМЭЛ ОЮУН БА ДАТА ДЭД БҮТЭЦ” хэлэлцүүлэгт ЦХИХХ-ны Э.Батшугар сайд панелистаар оролцохдоо дараах байр суурийг илэрхийллээ. ЦХИХХ-ны Э.Батшугар сайд: Засгийн газар  “Digital first” гэсэн уриа дор “ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРХЭМЛЭГЧ” ЗАСГИЙН ГАЗАР байна. Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт бидний зорилт хэмээн тодорхойлсон. ЦХИХХЯ  бодлогын гол хэрэгжүүлэгч болон ажиллах юм. Дижитал эрин, хиймэл оюуны талбарт  Монгол Улсын өрсөлдөх давуу тал бол  Монгол  залуус.  Учир нь залуус технологийг маш хурдтай эзэмшиж чаддаг, фейсбүүк хэрэглэгчид 2,2 сая, 4 сая гаруй ухаалаг утас байна. Монгол улсын төлбөр тооцооны 97 хувь нь бэлэн бусаар явж байна. Энэ нь манай залуусыг хийж бүтээх хүсэлтэй байгааг харуулж байна. Манай улсад улс төрийн дэмжлэг байна. Учир нь Ерөнхий сайд Г.Занданшатар  маш тодорхой “Digital first” гэж хэлсэн. Үүнийг нутагшуулах, амьдралд хэрэгжүүлэх нь бидний асуудал болчихсон. Энэ хүрээнд хамгийн энгийн жишээ дурдахад 24 цагийн дотор гар утсаараа компани бүртгүүлэх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж өгсөн ч хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Мөн төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцдог байх асуудал хэрэгжээд явж байна. Эдгээр бүх асуудлууд засгийн газрын 100 хоногийн хүрээнд ажил болгож төлөвлөгдөөд явж байна. Тэгэхээр намар гэхэд тодорхой үр дүнгүүд гарах болно. Манай улсын хувьд шинэ технологийг хүлээж аваад хэрэгжүүлэхдээ маш хурдан байдаг. Жишээ нь 5G технологи гурван жилийн өмнө мөрөөдөл байсан бол өнөөдөр хэрэгжчихсэн явж байна. Кибер аюулгүй байдлын тухай хууль,  хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль батлагдсан. Монгол улсад долоо хоногт дунджаар 80,000-120,000 халдлага ирдэг. Үүнтэй зэрэгцээд илрүүлж чадахгүй халдлага хэр их байна гэдэг дээ ажиллаж байна. Тэгэхээр хууль эрх зүйн тал дээр нэмэлт өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэйг харуулж байгаа юм. -Монгол Улсын хамгийн том зорилго бол Үндэсний хиймэл дагуултай болох. Засгийн газрын  14 Мега төслүүдийн нэг болж УИХ-аар батлагдсан.  Монгол улс Франц улсын “Талес Алениа Спейс” компанитай гэрээ хийгээд явж байна. НҮБ-аас Монгол улсад хиймэл дагуулын зурвасын зөвшөөрөл өгсөн. Энэ зурвастаа Үндэсний хиймэл дагуулаа хөөргөхөөр хоёр улсын засгийн газар  хэлэлцээр хийж богино хугацаанд Үндэсний хиймэл  дагуултай болохоор ажиллаж байна. Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болсноор дотоодын сансрын холбооны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангаж, бие даасан мэдээлэл харилцааны сувагтай болох юм.  Түүнчлэн бие даасан хараат бус үндэсний сүлжээтэй болох нь үндэсний аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлнэ. Мөн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал шийдэгдэж, алслагдсан газар болон шилэн кабелийн сүлжээ хүрэх боломжгүй бүс нутгийг өндөр хурдны интернэтээр хангаж, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд цахим шилжилтийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм байна. Засгийн газрын гишүүний болон хувь хүнийхээ зүгээс нэг зүйлд итгэлтэй байдаг юм. Төр хувийн хэвшилтэй төсвийн мөнгөөр өрсөлдөж болохгүй, энэ бол шударга бус өрсөлдөөн болно. Ийм учраас төр, хувийн хэвшлийн түншлэл маш чухал юм. Кибер аюулгүй байдал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийг чухалчилж, дэмжиж явах болно. -Хиймэл оюун ухааныг хөгжүүлэн  ашиглаж эхэлснээр эдийн засгийн бүтээмж нэмэгдэж шинэ ажлын байрууд гарч эхэлнэ. Цаашлаад Монгол Улсын компаниуд дэлхийн зах зээл дээр өрсөлдөнө.  Шинээр ажлын байрууд гарч ирнэ. Кибер аюулгүй  байдлын мэргэжилтэн,системийн шинжээч гэх мэтчилэн. Жишээ нь “Е-Mongolia”-г бид сайн мэднэ. 1263 үйлчилгээг цахимжуулсан. 1,5 их наяд төгрөгийг хэмнэсэн.  Бид Хиймэл оюун ухааныг аюул гэхээсээ илүү боломж гэж харах нь зөв юм. “Монголын эдийн засгийн форум 2025”-д хүрэлцэн ирсэн олон улсын төлөөлөгчдөд бид бодолго шийдлээ танилцууллаа. • Монгол Улсад хиймэл оюун, дата дэд бүтцийн хөгжлийн өнөөгийн байдал, бодлогын орчныг үнэлэх  • Дэлхийн чиг хандлагад болон газар зүйн байршилт нийцсэн хөгжлийн гарц, шийдлийг тодорхойлох  • Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үе шатанд олон талт оролцогчдын үүргийг тодорхойлох  • Бодлогын хэрэгжилтэд шаардлагатай хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл хүний нөөцийн асуудлыг хөндөх  • Тодорхой санал, үр дүн гаргах замаар 2030 он хүртэлх чиглэлийг дэвшүүлэх юм.

П.Алтан-Од: Кибер орон зайд улс орнууд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага Мэдээллийн аюулгүй байдлын газартай хамтран “Кибер, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх бүс нутаг хоорондын хурлыг энэ сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.  Тус хурлыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од нээлээ.  Тэрбээр “Дэлхийн нийтийг хамарсан тоон шилжилт, дижитал эдийн засгийн хурдацтай хөгжил нь бидний өмнө шинэ боломжуудыг нээхийн зэрэгцээ, аюулгүй байдлын шинэ сорилтуудыг ч дагуулж байна. Тиймээс улс орнууд кибер орон зайг хамгаалахын тулд хамтран ажиллах, туршлагаа солилцох, үр дүнтэй итгэлцлийг бий болгох нь урьд урьдаас илүү чухал болоод байна. Монгол Улсын хувьд бүс нутгийн болон олон улсын түвшинд энэхүү хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн. Үүний хүрээнд бид Кибер аюулгүй байдлын хууль, Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд идэвхтэй  ажиллаж байна гэдгийг онцолсон юм.  Кибер аюулгүй байдлын олон улсын индекст Монгол Улс хууль эрх зүйн хувьд сайн үнэлгээ авсан ч хамтын ажиллагаа, технологийн бэлэн байдлыг сайжруулах шаардлагатай гэдэг үнэлгээг авсан. Мөн оксфордын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол Улс дотоодын болон олон улсын хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай гэж зөвлөсөн билээ.  Кибер орон зайд  хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэхэд бүс хоорондын туршлага, мэдээлэл солилцоо чухал юм. Дээрх хурлаар бүс нутгийн кибер болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн аюулгүй байдлын хэрэгжилтийн зөрүүг тодорхойлж, стратегийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхээс гадна аюулгүй, хариуцлагатай кибер орон зайг бүрдүүлэх чиглэлд хамтын хүчин чармайлтыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Хуулийн төслийг багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдээр хэлэлцүүллээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг багш, сурган хүмүүжүүлэгчдээр хэлэлцүүллээ Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) 250 гаруй багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн төлөөлөл оролцлоо. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Хүүхдүүдтэй өдөр тутам харилцаж, тэдний өмнө ямар асуудал тулгамдаж, юу хэрэгтэй байгааг нээлттэй ярилцан, сонсож байдаг та бүхний санал, санаачилга энэхүү хуулийн төсөлд чухал ач холбогдолтой” хэмээн онцлов. Уг хуулиар цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэднийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, сөрөг агуулгатай контентоос ангид байлгах, цахим аюулгүй байдлын мэдлэг олгох зэрэг олон харилцааг зохицуулах юм. Хуулийн хэрэгжилтэд багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо хамгийн чухал тул боловсролын байгууллага, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн эрх үүрэг, тулгамдсан асуудлын гарц шийдлийг чөлөөтэй ярилцаж, хуулийн төсөлд тусгах нь энэ удаагийн хэлэлцүүлгийн гол зорилго байв. Хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулсны дараах эхний хэлэлцүүлгүүдийг цахимаар болон сургуулиудад зохион байгуулж, 6000 гаруй хүүхдийг хамруулсан байна. Үүнээс 1700 гаруй хүүхэдтэй биечлэн хэлэлцүүлэг хийж, 606 хүүхдээс судалгаа авчээ. Судалгааны үр дүнгээс онцолбол: Хамгийн түгээмэл ашигладаг платформ нь: -Instagram 84.7 хувь -YouTube 58.6 хувь -TikTok 53.1 хувь байна. Түүнчлэн хүүхдүүд цахим орчинд олон төрлийн эрсдэлтэй тулгарч буйг судалгааны дүгнэлт харуулж байгаа юм. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн  -37.3 хувь нь танихгүй хүнээс ирсэн чат, мессеж хүлээн авч байсан -26.7 хувь нь хуурамч хаяг, залилан -22.4 хувь нь бэлгийн агуулгатай контент -18.3 хувь нь цахим дээрэлхэлт, доромжлол -11.1 хувь нь амиа хорлох, өөрийгөө гэмтээхийг өдөөсөн контенттой тулгарч байсан гэж хариулжээ. Энэ бол ноцтой баримт. Тиймээс ч хүүхдүүдийн 70 хувь нь цахим орчин дахь хамгаалалтын арга хэмжээ, зохицуулалтыг дэмжиж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр ч, судалгааны асуумжаар ч илэрхийлсэн. Мөн 88.1 хувь нь насанд тохироогүй контентыг хязгаарлах, 84.7 хувь нь ёс бус сэтгэгдлийг автоматаар устгах, 84.3 хувь нь байршлын мэдээллийг хамгаалах, 81.7 хувь нь хувийн хаягийг хаалттай болгох, 79.4 хувь нь танихгүй хүнээс чат бичихийг хязгаарлах шаардлагатай гэж үзсэн байна. Хэлэлцүүлэг цаашид үргэлжилж, бүх оролцогч талыг хамруулах юм.