Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо

2021.08.10

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр (2021.08.10) боллоо. Танхим болон цахим хэлбэрээр болсон тус хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, агентлагууд зэрэг төрийн байгууллагын төлөөллөөс гадна Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэдээлэл холбооны операторуудын ассоциац, Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Америкийн худалдааны танхим, Нотариатын танхим, Хуульчдын холбоо, МҮХАҮТанхим зэрэг байгууллагын төлөөлөл, “МУК компьютерс” ХХК, “Бат солюшинс партнерс” тэргүүтэй аж ахуйн нэгжийн төлөөлөл, олон нийтийн төлөөлөл зэрэг 186 хүн оролцов. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал нээж үг хэллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал: Төр нь иргэн бүрдээ очиж үйлчилдэг нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээнгүйлэн зүтгэнэ Төслүүдийг 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсний дараа 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр Улсын Их Хурлын дарга 54 дугаар захирамжаараа хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсныг дурдав. Ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байгаа юм. Тэрбээр “Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн талаар санал бодлоо солилцох, хуулийн төслийг илүү сайжруулах, орхигдсон асуудал байвал нэмж тусгах зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэв. Улсын Их Хурал 1995 онд Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан. Үндсэн хууль, Хувь хүний нууцын тухай хууль болон холбогдох бусад хуулиар хувь хүний нууцыг хамгаалах, зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглосон нийтлэг зохицуулалт бий ч техник, технологийн хөгжлийн нөлөөгөөр мэдээллийг олон сувгаар хүлээн авч, дамжуулах болсонтой холбогдуулан хувь хүний нэр төр, хувийн нууцад илтэд хууль бусаар халдах явдал цөөнгүй гарах болсныг Н.Учрал гишүүн онцоллоо.

Хүний хувийн нууцад зөвхөн захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүл, хуулиар тогтоосон бусад нууцыг хамааруулахаар хувь хүний нууцыг хязгаарлагдмал хүрээнд тодорхойлсон нь бэрхшээл болж байгаа тул өнгөрсөн хугацаанд гарч ирсэн зөрчил, дутагдлыг арилгах, асуудлыг шийдвэрлэхээр хуулийг шинэчлэн батлахаар ажиллаж байгаа гэв. Хүн бүрийн мэдээлэл бүрэн хамгаалагдах, зөрчигдсөн бол хүлээх хариуцлага нь тодорхой байх эрх зүйн орчныг бий болгохоор зорьж ажиллаж байгаагаа хэллээ.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал, төсөв, санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал сонирхсон хэн бүхэнд нээлттэй ил тод байхаар заасан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2011 онд баталсан ч хэрэгжилт туйлын хангалтгүй явж ирснийг тэрбээр тэмдэглэж хэлсэн.

Үргэлжлүүлэн тэрбээр “Улсын Их Хурлаас хууль батлан гаргах нь чухал хэдий ч түүнийг хэлбэрэлтгүй, нэг мөр хэрэгжүүлэх нь хамгаас чухал юм. Төрийн байгууллага, албан тушаалтан хуулиа мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хуулийн талаарх ойлголт, хандлага иргэдийн дунд унадаг, алдагддаг нь маргаангүй зүйл юм. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг баталснаар төрийн байгууллагын нийтэд нээлттэй байх хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог, мэдээллийн баазыг төрийн байгууллагууд шуурхай солилцдог, түүнчлэн төсөл хөтөлбөрийг үр ашгтай хэрэгжүүлдэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох учиртай” гэлээ.

Монгол Улсын төрийн байгууллагууд цахим харилцаанд шилжих ажиллагааг дөрвөн үе шатад хуваан авч үзэж болох талаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны тайланд дурдсан байдаг аж. Тодруулбал, “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн систем, мэдээллийн санг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдийн өргөдөл гомдлыг цахим хэлбэрээр авч шийдвэрлэх, төрийн үйлчилгээг цахим технологи ашиглан иргэдэд хүргэх, гамшгийн аюулыг урьдчилан мэдээлэх, шилэн данс, нэмэгдсэн өртгийн албан татварын систем хөгжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс үзэхэд төрийн байгууллагууд хоорондын цахим мэдээлэл солилцох дэд бүтэц боломжийн хэмжээнд хүрсэн байх бөгөөд харин мэдээллийг цахим хуудсандаа хариуцлагатай оруулах, лавлагаа мэдээллээр хангах, мэдээллийг үнэн зөв шуурхай оруулах, цахимаар өгсөн мэдээллийг бусад байгууллага албан тушаалтан цаасан баримтын адил хүлээн зөвшөөрдөг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэдгийг тэрбээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцолж байв.

Мөн тэрбээр мэдээллийн технологийн эрин зуунд цахим хөгжлөөр тэргүүлэгч улс орнуудын  үлгэрлэл, туулсан замналыг бид дагаж алхахдаа алдсан алдааг нь тойрч, зөв шийдлийг нь товчилж, гагцхүү Монголын нийгэм, зан заншил, хувь хүний сэтгэлгээний онцлог, нийгмийн бодит эрэлт хэрэгцээ, нөхцөл байдалд тулгуурласан бодит шийдэл, бодит дэд бүтэц, өөрсдийн гэсэн цахим хөгжлийн эко-системийг бий болгох шаардлагатай гэв. Энэ бол дан ганц төрийн үүрэг биш. Төр, хувийн хэвшил, иргэд олон нийтийн гурван талт түншлэлийн үндсэн дээр бид энэхүү өөрчлөлт, шинэчлэлтийг хийх болно хэмээлээ.

Энэ цаг үед мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, мэдээлэл солилцооны эрх зүйн цогц орчныг бүрдүүлээгүйгээр урагшлах боломжгүй гээд “Дараагийн 100 жилд Монгол Улсын хөгжлийг тодорхойлох, эдийн засгийг солонгоруулах чухал хүчин зүйлийг хамтдаа бий болгож, цаашлаад төрийн албаны хүнд суртал, чирэгдэлийг багасгаж, монгол хүн төрийн албаа царай алддаг биш, төр нь өөрөө иргэн бүрд очиж үйлчилдэг нийгмийг бүтээхийн төлөө Та бүгд маань гар бие оролцон, хичээнгүйлэн зүтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Ийнхүү хэлэлцүүлэг эхэлсэн бөгөөд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж танилцууллаа.

Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн  өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, эсхүл гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, улс төрийн нам нь нийтийн мэдээлэл хариуцагч байхаар төсөлд тусгасан байна. Тодруулбал, зөвхөн төр мэдээлэл хариуцагч биш гэдгийг онцолж байв. Жишээлбэл, хүний хувийн мэдээллийг эзнийх нь зөвшөөрлөөр хадгалж, ашиглаж боломжтой. Төрийн болон бусад байгууллага цахим орчинд мэдээлэл солилцох, хадгалах, ашиглах, дамжуулах харилцааг зохицуулахаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна

Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилахаар төсөлд тусгасан гэдгийг тэрбээр онцолж, тус бүрд нь тайлбарлав. Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан, эсхүл хязгаарлалттай болон хаалттай мэдээлэлд хамаарахгүй мэдээллийг нээлттэй мэдээлэл гэж үзэх бол танилцах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гэж төсөлд тодорхойлжээ. Харин хуульд хаалттай байхаар заасан, эсхүл төрийн нууцад хамаарах мэдээллийг хаалттай мэдээлэл гэж үзэх юм байна. Хувь иргэн мэдээллийнхээ эзэн байх бөгөөд тэрхүү мэдээллийн ашиглалтад мэдээллийн эзэн өөрөө хяналт тавих аж.

 Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг бий болгох, улмаар авилгыг бууруулахыг зорьж төрөөс нээлттэй байлгах мэдээллийг нэмэгдүүлэх юм байна. Тухайлбал, тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл, оюуны өмчийн эрхийн мэдээлэл, хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаарх шийдвэрийн явцын талаарх мэдээлэл, газрын мэдээлэл, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн ашиг, алдагдлын тайлан, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн урамшуулал … гэх зэрэг төрийн үйл ажиллагаатай олон төрлийн мэдээллийг нээлттэй болгохоор төсөлд холбогдох зохицуулалтыг тусгаад байгаа талаар  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж дэлгэрэнгүй танилцууллаа.

Нээлттэй өгөгдлийг төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглах, төрийн мэдээллийн үндсэн систем нь “Хур” систем байхаар, дэмжих системийн талаарх төслийн зохицуулалтыг тус бүрд нь дэлгэрэнгүй танилцууллаа. Төсөл батлагдсан тохиолдолд иргэн бүр 13 оронтой улсын бүртгэлийн дугаар ашиглаж, мэдээллийг нэгтгэх боломжийг бүрдүүлэх бөгөөд энэ талаарх мэдээллийг, олон улсын жишгийг тэрбээр танилцууллаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон давтагдашгүй дугаар бүхий цахим баримт бичиг нь цаасан баримт бичгийн адил хүчинтэй байхаар төсөлд тусгасан байна. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, гэрлэлт, газрын бүртгэлээс бусдыг цахим болгох боломжтой хэмээн үздэг байна. Иргэн төрд мэдээллээ өгч, төр түүнийг нь хадгалж, хамгаалж, иргэний зөвшөөрлөөр ашиглалтыг зохицуулдаг байхаар зорьж байгаа гэдгийг төслийн танилцуулгын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн тандан судалгааны талаар Монгол өмгөөлөгч хууль зүйн фирмийн өмгөөлөгч Т.Энхбулгантамир танилцуулав. Төслийн хүрээнд төр, төрийн байгууллага, албан тушаалтан; аж ахуйн нэгж, байгууллага; төрийн бус байгууллага; иргэн; эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага; олон улсын байгууллага; хэвлэл, мэдээллийн байгууллага зэрэг 7 бүлгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа хэмээн үзсэн бөгөөд 352 иргэн, 176 хуулийн этгээд, 186 төрийн албан хаагч хамрагдсан асуумжаар судалгаа явуулсан гэв. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн эсэхэд судалгаанд оролцогчдын 33 хувь нь “бүрдсэн”, 34 хувь нь “бүрдээгүй”, 33 хувь нь “мэдэхгүй” гэж хариулсан байна. Мөн судалгаанд оролцогчдын 66 хувь нь “төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулж байгаа нь хууль тогтоомжид нийцэж байна” гэсэн бол 13 хувь нь “төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр үзүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй” гэжээ. Төрийн үйл ажиллагаа бүхэлдээ цахим хэлбэрт шилжих боломжтой эсэхэд 38 хувь нь “боломжтой бөгөөд цахим хэлбэрт шилжих нь олон давуу талтай” хэмээн хариулсан бол 46 хувь нь “зарим хэсэг нь шилжих боломжтой” гэж хариулсан байна.

Ийнхүү Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн талаар болон төслийн тандан судалгааны талаарх танилцуулгын дараа хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, санал хэллээ. Нээлттэй өгөгдлийн талаарх зохицуулалтыг төсөлд тодорхой, нарийвчлалтай тусгах, цахим засаглалын хүрээнд “мэдээлэл солилцох” биш харин “мэдээллийг хамтран ашиглах” гэж томьёолох зэрэг төсөл дэх нэр томьёоны талаар саналуудаа оролцогчид хэлж байлаа. Мөн төсөл дэх нээлттэй мэдээллийн ангилалд үнэ, ашгийн талаарх мэдээллийг ил болгох нь оновчтой эсэхийг, байгууллага өөрт хамаарах мэдээллээ нууц хэмээн тогтоож, хамгаалах бололцоог хуулиар бүрдүүлэх боломж бий эсэхийг тодруулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтнүүдээс хариулт, тайлбар авсан.

Төр хувь хүний мэдээллийг хадгалалт, ашиглалтаа бүрэн хариуцах боломжтой эсэх, энэ талаарх техник, технологийн бололцоо, дэд бүтцийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, төслийн нэр, томьёо оновчтой эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар тодруулж, хариулт авсан юм.

Дараа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, энэхүү төслийн тандан судалгааны талаар Монгол өмгөөлөгч хууль зүйн фирмийн өмгөөлөгч Т.Энхбулгантамир танилцууллаа.

Энэ хуулиар хүн, хуулийн этгээд нь хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах; хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах, биометрик мэдээллийг ашиглах; Гүйцэтгэх ажлын тухай хууль; Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн харилцаанд үйлчлэхгүй гэдгийг онцоллоо. Үргэлжлүүлэн тэрбээр төсөл дэх мэдээлэл цуглуулах, боловсруулах ашиглах, хувь хүний биометрик болон генетик мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой төсөл дэх зохицуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн мэдээллийн эзний эрх, мэдээлэл хариуцагчийн үүргийн талаар, хувийн мэдээллийг хамгаалах эрх бүхий байгууллагын талаар, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системийн талаарх зохицуулалтыг төсөлд мөн тусгасан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа. Төсөл батлагдсанаар хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчин сайжирч, хүний хувийн мэдээллийг тодорхой нөхцөл, зорилготойгоор, хуульд заасны дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах эрх зүйн үндэс бий болох юм байна. Түүнчлэн хүний хувийн мэдээллийг зүй зохистойгоор ашиглах боломжийг тодорхойлж, хүний хувийн мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлж, хүний эрхийн баталгаа сайжирна гэж төсөл санаачлагч үзсэн байна.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн тандан судалгааны талаарх танилцуулгад төр, төрийн байгууллага, албан тушаалтан; хувийн хэвшлийн байгууллага болон бизнесийн байгууллага; төрийн бус байгууллага; олон улсын байгууллага; эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага; иргэн гэсэн 6 нийгмийн бүлгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө хэмээн тодорхойлсныг Монгол өмгөөлөгч хууль зүйн фирмийн өмгөөлөгч Т.Энхбулгантамир танилцуулав. Хуульд заасан үндэслэл байхгүй бол хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах тохиолдолд эзнээс нь заавал зөвшөөрөл авдаг байх дэвшил гарна гэж судалгааны баг дүгнэсэн байна. Тодруулбал, хүний хувийн мэдээлэл хамгаалалт сайжирч, хүний эрхийг хамгаалахад дэвшил болно гэж үзсэн байна.

Хувийн мэдээлэлтэй холбоотой дараах асуудлууд үүсээд байгаа гэж судалгааны баг тодорхойлжээ. Үүнд, анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах; хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй эсвэл хуульд заасан үндэслэлгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах; хүний хувийн мэдээлэл алдагдах эсвэл хулгайлагдах; хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ил болгох; өөрийн хувийн мэдээлэлд хандах боломжгүй байх; хүний эмзэг мэдээллийг боловсруулах зэрэг зургаан нөхцөлийг нэрлэсэн байна. Иймд Монгол Улсад хувь хүний мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах харилцааг цогцоор нь зохицуулах, хүний хувийн мэдээлэл хамгаалахтай холбогдуулан төр, байгууллага, иргэн хоорондын харилцаа, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох замаар хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах улмаар хувь хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн байна. Судалгааны баг дээрх асуудлыг шийдвэрлэхдээ дараах зорилгуудыг томьёолох ёстой гэдгийг тайландаа дурджээ.

Төслийн талаарх болон  Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн тандан судалгааны талаарх танилцуулгын дараа оролцогчид асуулт асууж, төсөлтэй холбоотой саналаа хэллээ. Хуулийн төслийг баталсны дараах хэрэгжилтийг хангахтай холбоотой төлөвлөлт, стандартын талаар, мөн төслийн зохицуулалт хоорондын уялдааг хангах, Монгол Улсын хилээс гадуур байгаа, одоо ашиглаж байгаа мэдээллийн хяналт, хамгаалалтын талаар тодруулж, хариулт авсан. Төсөлд “мэдээлэл хариуцагч хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж болох бөгөөд дараах тохиолдолд үнэлгээ хийнэ” хэмээн тусгасан бөгөөд мэдээлэл боловсруулах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах зорилгоор хийх үнэлгээний талаар, үнэлгээтэй холбоотой зохицуулалтын талаар тодруулж байлаа. Аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд иргэдийн хурууны хээг ашиглан “Хур”, “Дан” системээс иргэний хувийн мэдээллийг авч байгаа бөгөөд энэ нь төрийн байгууллага иргэний мэдээллийг хувийн хэвшил рүү дамжуулж байгаа хэлбэр. Тэгвэл энэ харилцаанд хувь иргэний мэдээллийг хамгаалах зохицуулалтыг хэрхэн тусгаж байгаа талаар, мөн хуулийн төсөл батлагдаад хэрэгжиж эхлэх тохиолдолд хувийн хэвшлийн байгууллагууд өмнө нь бүрдүүлсэн мэдээллийн сангаа устгах болж байгаа нь холбогдох зарчимд нийцэж буй эсэхийг хуульч Б.Баялагмаа асууж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хариулт авсан. Түүнчлэн төслийн 15 дугаар зүйл дэх зохицуулалтын талаар, хүн мэдээллээ хүссэн үедээ устгах боломжтой, эрхтэй байх зохицуулалтыг тусгах, хүүхдийн хувийн халдашгүй байдлын талаарх онцгой зохицуулалтыг тусгах саналыг хэлж байлаа. Олон улсад “хувь хүний өгөгдөл хамгаалах” гэж томьёолдог, харин төсөлд “мэдээлэл” гэдэг нэр томьёог ашиглаж байгаа нь зөрчилдөж байгааг “Секьюрити солюшн, сервис, консалтинг” ХХК-ийн захирал Т.Халтар хэлж байв. Мөн төслийн талаарх байр сууриа илэрхийлж, олон улсын түвшинд ашиглаж болохуйц эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэдэг саналыг хэлсэн.

Үндсэн хуульд “…Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, мөн “төр, түүний байгууллагаас – хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан. Энэ эрхийг баталгаажуулахаар хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд төслийн боловсруулалтад талуудын оролцоог бүрэн хангаж, мэргэжлийн түвшинд төслийн боловсруулалтад оролцох бололцоог хангах нь чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг хэлж, мэргэжилтнүүдтэй тусгайлан уулзаж, хамтран ажиллана гэдгээ хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан хууль хоорондын уялдаа, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээллийн солилцоог нэгтгэхэд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд нэн чухал ач холбогдолтой хэмээн онцолж байв.

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг ийнхүү өндөрлөсөн бөгөөд төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангахдаа нэр томьёог нэн оновчтой болгох, байгууллагуудын статусыг тодорхой болгох, мэдээлэл технологийн салбарын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх чиглэлд шаардлагатай бүх зохицуулалтыг хийх, хуулийн гол зохицуулалтуудыг хуулиас давсан журмуудаар зохицуулахгүй байхад онцгой анхаарах, мөн хариуцлагын асуудлыг нэн тодорхой болгох зэрэгт анхаарах шаардлагатай” гээд хэлэлцүүлгийн нийт оролцогчдод талархал илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусад мэдээ

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2022.04.25 УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа. Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм. Түүнчлэн хуулийн төсөлд, – Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох; – Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох; – Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх; – Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх; – Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув. Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК​, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор  Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан.  Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв. Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа. Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн. Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Өсвөрийн “Хурдан” клубийн тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Дархан-Уул аймагт томилолтоор ажиллах үеэрээ Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, “Хурдан” клубийн үйл ажиллагаатай танилцлаа.  Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Б.Борхүү, Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Соёлмаа нар хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулав. Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн хувьд аймгийн хэмжээнд 13 цэгт “Хурдан” төвийг байгуулснаар иргэд, хуулийн этгээдэд 43 байгууллагын 451 үйлчилгээг шуурхай хүргэж байгаа юм. Мөн 7 байршилд Киоск төхөөрөмж байрлуулж, үйлчилгээ үзүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хурдан” клуб 32, ахмад настнуудын “Хурдан” клуб 73 гишүүнтэйгээр мэдээллийн технологийн багш нартай хамтран цахим ур чадварын сургалтууд зохион байгуулан ажиллаж буй. Харин өсвөрийн “Хурдан” клубт 135 хүүхэд нэгдэж, мэдээллийн технологи, цахим спорт, илтгэх ур чадварын сургалтад хамрагдаж, цахим ур чадвараа дээшлүүлж байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвдөө Дроны туршилтын бүс буюу Сургалт хөгжлийн танхим байгуулсан нь хүүхдүүд өдөр бүр дрон жолоодож, ур чадвар, амжилтаа ахиулахад үр дүнтэй ажил болжээ. Үүний нэг жишээ нь, өсвөрийн “Хурдан” клубийн тамирчин Г.Тэнтэргэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 05 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд болсон “Нисгэгчгүй нисэх хэрэгсэл /дрон/-ийн жолоодлогын олон улсын тэмцээн”-ий багийн ангилалд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн юм. Мөн багаараа Төвийн бүсийн аваргаар шалгарсан бөгөөд ирэх сарын 27-28-нд БНСУ-ын Инчон хотноо болох Дроны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 8 тамирчин Drone soccer, Tiny whoop төрлөөр оролцохоор бэлтгэлээ хийж байна. “Хурдан” клубийн хүүхдүүддээ баяр хүргэж, эх орноо төлөөлөн өрсөлдөх тэмцээнд нь амжилт хүслээ.

Digital Nation -2021 | Цахим эриний хурдтай тоглогчид

ҮЙЛ ЯВДАЛ Digital Nation -2021 | Цахим эриний хурдтай тоглогчид 2021.08.27 Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж буй билээ. Засгийн газраас гаргасан “Цахим Үндэстэн” санаачилга, Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой зэрэг чухал үйл явдлуудын давхцал дээр ийнхүү салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах гэж байна. Үүнтэй холбогдуулан цахим шилжилт, технологийн дэвшлээр салбараа манлайлж буй компаниудын төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна. ДДЭШТВ–ИЙН МАРКЕТИНГИЙН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР У.БЭРЦЭЦЭГ: БИД ДЭЛХИЙН СТАНДАРТААС ЗАРИМ ТАЛААРАА ТҮРҮҮЛЖ АЛХАЖ БАЙЖ Ч МЭДНЭ Бид Монголдоо анх удаа хиймэл дагуулын телевизийн үйлчилгээ үзүүлж эхлээд 13 жил болж байна. Өнөөдрийн байдлаар хамгийн олон үзэгч, хэрэглэгчтэй компани болж төлөвшжээ.  Эх орны өргөн уудам нутгийн өнцөг булан бүрд манай үйлчилгээ хүрч, хүмүүс дэд бүтэц, шилэн кабелийн хөгжлөөс хамааралгүйгээр телевиз үзэх боломжтой болсон. Монголд Улсад харилцаа холбооны салбар байгуулагдаад 100 жил болж байна. Энэ хугацаанд ДДэшТВ хэрэглэгчдэдээ газар зүйн байршлаас үл хамааран мэдээлэл хүлээж авах ялгаваргүй, тэгш хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь салбартаа оруулсан хувь нэмэр хэмээн бахархдаг. Манай хиймэл дагуул дэлхийгээс 35800км-ийн зайд буюу /GEO/ тойрог замд байрладаг. Сонирхуулж хэлэхэд, эхний хоёр тойрог зам дээр дэлхийн гадаргын нягтаршил сайтай зураг авах зориулалт бүхий хиймэл дагуулууд, GPS буюу байршил тогтоох, цаг агаарын төлвийг ажиглах зориулалттай хиймэл дагуулууд байдаг юм билээ. Харилцаа холбооны хиймэл дагуул бусад хиймэл дагуулаа бодвол дэлхийгээс хамгийн хол зайд байрладаг. 2008 онд ДДэш үйл ажиллагаагаа эхлэхдээ аль хэдийн хөөрөөд 6 жил болчихсон байсан хиймэл дагуул дээр түрээсийн үйлчилгээ авч, телевизийн сувгуудаа дахин дамжуулж байлаа. Дараа нь 2017 онд Солонгосын KT Sat компанийн хиймэл дагуулд монгол улсын газар нутгийг бүрэн хамарч чадах цацрагийг захиалж хийлгэсэн. Үйлдвэрлэгч нь Франц улсын “Thales Alenia Space”, хөөргөгч пуужин нь алдарт Элон Маскын “SpaceX” компаний “Falcon 9” хэмээх дахин ашиглагддаг пуужин байлаа. Ингэснээр манай үйлчилгээ илүү боловсронгуй болж, тавган антенн жижгэрч, хүлээж авах HD сувгуудын тоо нэмэгдсэн.  Одоо үйлчилгээ маань боловсронгуй болохын хэрээр бид үзүүлэх контентууддаа илүү анхаарч, хэн юу үзэх эрэлт хэрэгцээтэй байна вэ гэдгийг чухалчилж эхлээд байна. Өнөөдөр хэрэглэгч ямар технологиор юм үзэж байна гэхээс илүү ямар контент үзэж байна вэ гэдэг нь чухал болчихлоо. Тиймээс бид хот хөдөө, интернэттэй интернэтгүй ямар ч нөхцөлд үзэх кино суваг, сошиал суваг зэргийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр бид дэлхийн стандартаас огт хоцроогүйгээр үл барам, зарим талаараа түрүүлж алхаж байж ч магадгүй.  Энэ жил уламжлалт ICT Expo “Digital Nation” арга хэмжээ болж өргөжин зохион байгуулагдахаар бэлтгэлээ хангаж буй. Өнөөдөр мэдээллийн технологитой хамааралгүй салбар гэж байхгүй боллоо. Тэр утгаараа олон салбарыг хамарсан, том арга хэмжээ болох нь. Бидний хувьд арга хэмжээнд контентын үйлчилгээ, кино болон сошиал сувгуудаа танилцуулахаар зорьж байна. ГОЛОМТ БАНКНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ М.САЙНБИЛИГ: ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН БОЛОХ СУУРЬ АЖЛУУДАА БИД АЛЬ ХЭДИЙН ХИЙЧИХЭЭД БАЙНА Fintech буюу Financial technology гэдэг нь санхүүгийн үйлчилгээг технологийн үйлчилгээтэй хослуулж, илүү хялбар, инновацлаг байдлаар санхүүгийн суурь бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх арга зам. Гол зорилго нь цаг хугацаа, зардал хэмнэж, харилцагчийн сэтгэл ханамжийг хэд дахин нэмэгдүүлэхэд оршино.  Монголд финтекийн салбар сүүлийн таван жилд огцом хөгжиж байна. Төлбөр тооцоо, зээл, хадгаламж гэсэн банк санхүүгийн гурван суурь үйлчилгээ, дээрээс нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ болох блокчэйн, крипто технологи финтек хэлбэрээр хэрэглээнд нэвтэрлээ. Энэ дундаас зээлийн үйлчилгээний платформууд зарим талаараа олон улсад ч жишиг болохуйц хэмжээнд хүрээд байгаа.  Харин төлбөр тооцооны ухаалаг шийдлийг одоогийн байдлаар банкууд илүүтэй гаргаж буй. Хөрөнгө оруулалтын хувьд блокчэйн, крипто валют хөгжиж байгаа ч хувьцаа, бондын хөрөнгө оруулалт дээр ажиллах орон зай байсаар байна. Үүнийг алгасаад явчих шиг болов уу гэж би хувьдаа хардаг юм.  Энэ бүх салбарууд харилцан хамтран ажиллаж, бие биенийхээ давуу талаас суралцан цэвэр өрсөлдөөний зарчмаар ажиллаж, ахархан хугацаанд маш их зүйлийг хийж амжууллаа. Үүний үндсэн дээр финтек суурьтай үйлчилгээнүүд маш нээлттэй байдлаар хурдтай хөгжлөө. Манай банк бол үүний сайн жишээ.  Нийгэм дэх бүхий л төрлийн үйлчилгээ явж явж эцэстээ төлбөр тооцоо хийх учраас банктай л холбогддог. Бид тэр л бүх дэд бүтцийг бэлдэж, боломжит шийдлүүд, олон улсын жишигт нийцсэн мэдээллийн аюулгүй байдлыг санал болгон ажиллаж байна. Дэлхийн хэмжээнд үзвэл, нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй орнуудтай харьцуулахад бид нэлээн дээгүүрт явж байгаа. Монгол залуучуууд, старт-апууд, финтек компаниуд Монголдоо биш олон улсад өрсөлдөх амбицтай байгаа нь ч үүний тод илрэл. Үүнд улс төр, засгийн газрын шийдвэр, бодлогууд ч ээлтэй нөлөө үзүүлж байна. Нөгөө талаас манай харилцагчид, иргэд шинэ зүйлийг хүлээж авах нь хурдан.  Аль ч талаас нь харсан бид хоцроогүй. Энэ жил “Digital Nation-2021” арга хэмжээ есдүгээр сард болох гэж байна. Бид дижитал үндэстэн болоход ойрхон, яагаад гэвэл зарим суурь ажлуудыг аль хэдийн хийчихсэн байгаа шүү дээ. Монголд интернэт хэрэглэгчдийн тоо маш өндөр. Энэ бол давуу тал. Банк санхүү, харилцаа холбооны оператор компаниуд олон улсад өрсөлдөхүйц түвшинд ажиллаж байна. Мөн старт-апууд их байна. Зөвхөн fintech биш, edutech, healthtech гээд олон салбарт оролдлого хийсээр байгаа. Тиймээс одоо бүгдээрээ нэг зүгт харж чадвал таван жилийн дотор зорилгодоо хүрэх боломжтой гэж бодож байна.  Өнөөдөр мэдээллийн технологи ашиглаагүй, дижитал эдийн засгийг харж чадаагүй компани ард хоцрох нь ойлгомжтой боллоо. Энэ цаг үед ийм өргөн цар хүрээтэй, том амбицтай арга хэмжээ зохион байгуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Энгийн онлайн үйлчилгээ бүгдэд л байна. Гол нь тэд хоорондоо холбогдож байж дижитал болно шүү дээ. Нийгмийн аль ч салбарын үйлчилгээг авахдаа олон аппликэйшн, олон вэб хуудсанд хандах биш, нэг дороос үйлчилгээ авч, “shared economy”-г хөгжүүлснээр дижитал шилжилт бүрэн утгаараа ирэх болно. Тиймээс бүгдээрээ уялдаа холбоотой хамтран ажиллаж, дижитал үндэстэн болъё. Энэ стратегийн хараа бол “Digital Nation-2021” гэж ойлгож байна.  ZTE КОРПОРАЦЫН МОНГОЛ ДАХЬ ОФФИСЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ З.ТУЛГУУР: АЗИ, ЕВРОПЫН ОРНУУД ХЭДИЙН 5G-Д СУУРИЛСАН ХӨГЖИЛ ГЭЖ ЯРИАД ЭХЭЛЧИХСЭН. МОНГОЛ УЛС Ч ЭНЭ ХӨГЖЛӨӨС ХОЦРОХ УЧИРГҮЙ 5G технологийг дэлхий даяар аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэмээн тодорхойлж буй. Хамгийн энгийн жишээ татахад, 5G технологи нэвтэрснээр хэрэглэгчид хүрч буй интернэтийн хурд 100 дахин нэмэгдэнэ. Гэхдээ 5G-г зөвхөн интернэтийн хурдаар хязгаарлаж болохгүй. Хоцрогдлыг арилгах буюу цаг хугацаа, орон зайн хамаарал үгүй болгож байгаа нь 5G технологийн цаад мөн чанар, хамгийн том давуу тал юм. Эрүүл мэндийн салбараар жишээ авъя л даа. Монгол орон 5G сүлжээнд холбогдчихвол Улаанбаатар хотод байгаа өндөр ур чадвартай мэс засалч