Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдэгдэл

2022.05.30

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл” – ээ баталсан. Ингэснээр нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Starlink, Oneweb, Telstra, Amazon зэрэг компаниуд Монгол Улсад энэ төрлийн үйлчилгээгээ үзүүлэх үүд хаалга нээгдэж томоохон алхмаар урагшилсан. Энэхүү бодлого батлагдсаны дараа 5 дугаар сарын 13-ны өдөр Starlink компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ оруулах орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг (https://www.starlink.com/map). Иймд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сувгуудаар явж байгаа худал хуурмаг мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Түүнчлэн Монгол Улсад интернэтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Цахим хөгжил харилцаа, холбооны яам хариуцдаггүй бөгөөд уг асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг. Харилцаа холбооны зохицуулах хороо нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг.

Бусад мэдээ

Г.Занданшатар: 2026 он бол цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах жил байх болно

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, технологи, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлыг хэлэлцэн туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болсон “Tech Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “ICT FORUM” Төрийн ордонд эхэллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд үг хэллээ. Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар: Та бүхэнд технологийн салбарын хамгийн том цугларалт “Tech Week 2025” арга хэмжээнд оролцон туршлагаа солилцож, мэдлэгээ хуваалцаж байгаад гүн талархлаа илэрхийлье. Долоо хоногийн турш үргэлжилсэн тус арга хэмжээний ололт амжилтыг дүгнэн, Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, шийдлийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан өргөн хүрээнд хэлэлцэх бодлогын хэлэлцүүлэг “ICT FORUM 2025″-ийг өнөөдөр зохион байгуулж байна. Монгол Улс цахим шилжилтийг эрчимжүүлж, шат дараатай төсөл, хөтөлбөрийг сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлж буйг онцлон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн газраас Цахим засаглалын хөгжлийн индексээр нийт 193 улсаас 46 дугаар байр буюу “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшинд шилжиж буйг батламжилсан. Энэхүү ололт, амжилт нь сүүлийн жилүүдэд гаргаж буй амжилт боловч үе үеийн шуудан, радио, өргөн нэвтрүүлэг, цахилгаан холбоо, харилцаа холбоо, мэдээллийн технологи, сансрын технологийн чиглэлээр ажиллаж байсан удирдлагууд, ажилтан, алба хаагчид, инженер техникийн ажилтнууд болон өнөөдөр ажиллаж буй 21.2 мянган ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийн 74 мянган гишүүдийн хамтын хүчин зүтгэл болохыг цохон тэмдэглэе. Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цахим шилжилтийг хурдасгаж, төрийн мэдээлэл солилцооны “ХУР”, танилт баталгаажуулалтын “ДАН”, төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа” системүүдийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж, 2 сая хэрэглэгчдэд 1263 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж, сүүлийн 5 жилийн байдлаар иргэдийн халааснаас гарах байсан нийт 1.7 их наяд төгрөгийн зардлыг хэмнээд байна. Энэ бол цахим шилжилтийн эхлэл бөгөөд цаашид бидэнд илүү том боломж байна. Иймд Монгол Улсын хөгжлийг хурдасгах гол түлхүүрийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хэмээн тодорхойлж, Манай Засгийн газрын гол ялгарал, онцлог нь “Цахимаар түрүүнд” зарчмаар аливаа бодлогыг төлөвлөн хэрэгжүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс “5D стратеги” буюу ДНБ-ийг 10 жилийн дотор хоёр дахин өсгөх, Экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэх, Эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулах, Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, дижитал эдийн засгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Миний бие Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар Засгийн газрынхаа эхний 100 хоногт багтааж “5D стратеги” хэрэгжүүлэхэд зориулан технологийн хөгжилд чиглэсэн хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Үүнд: Эдгээр шийдвэрүүд нь Монгол орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт их өгөгдөл, хиймэл оюуныг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний үр өгөөж, чанарыг дээшлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж бүрийн тулгамдсан асуудлыг цахимаар буюу технологиор шийдвэрлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газрын эхний 100 хоногт багтаж И-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд цаасан И-баримтыг халж автоматаар бүртгэгдэх нөхцөлийг үе шаттайгаар бүрдүүлж байна. Эхний ээлжид 3 арилжааны банк тус системд холбогдон цаасан баримтыг халаад байгаа бол ойрын хугацаанд үлдсэн банкуудын системүүдийг бүрэн холбож дуусгана. Мөн хиймэл оюуны хөгжүүлэлтийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавьж “И-монголиа 5.0” хувилбарыг өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Тус хувилбар нь хиймэл оюунт хөтөч, цахим хэтэвч, ухаалаг танилт нэвтрэлт бүхий илүү хялбар, илүү өргөн боломжуудыг агуулснаар онцлог юм. 2026 он бол цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах жил байх болно. Бид бүхэн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих анхны Виртуал бүс”-ийг ирэх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлнэ. Тус бүсэд бүртгэлтэй Мэдээллийн технологийн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд татварын нэн таатай орчинд үйл ажиллагаа явуулахаас гадна судалгаа, хөгжүүлэлтийн зардалд грант авах, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн олговор авах зэрэг 9 төрлийн татварын бус дэмжлэгүүдийг хүртэнэ. Үүнээс гадна, 2026 онд Монгол Улс анх удаагаа төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны бизнес эрхлэгчдийн судалгаа, шинжилгээний ажилд зориулан GPU кластерийг байгуулах, Үндэсний их өгөгдлийн санг эргэлтэд оруулах, олон улсын жишигт нийцэхүйц их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлийн магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэн салбар бүрд хиймэл оюуныг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна. Уламжлал болгон зохион байгуулдаг ICT EXPO арга хэмжээг дараа жил олон улсын зах зээлд чиглэсэн хэлбэрээр хийхээр төлөвлөж буйг онцлон тэмдэглэхийг ялдамд та бүхэн илүү их ололт, амжилтаар ахин хуран цуглахын ерөөлийг дэвшүүлье. Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахаар хичээн зүтгэж байгаа төр, хувийн хэвшлийн төлөөлөлд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, “Агуу Монголоо дахин агуутгая”, үүний төлөө хамтдаа зүтгэхийг та бүхнээс уриалж байна. Та бүхэнд Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, шийдлийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар өргөн хүрээнд хэлэлцэх өнөөдрийн бодлогын хэлэлцүүлэгт амжилт хүсэж, форум албан ёсоор нээж буйг мэдэгдье.

Яамдууд албан бичгээ 100 хувь цахимаар солилцох боломж бүрдлээ

 “Цаасгүй цахим Засаг” хөтөлбөрийн хүрээнд өнөөдрөөс Засгийн газар албан бичгээ 100 хувь цахимаар солилцох боломж бүрдлээ. Ингэснээр яамдын бичиг хэргийн зардал болох 1.2 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоолол гарчээ. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн зүгээс албан бичиг солилцооны дундын систем (Docx)-ийг хөгжүүлж, төр болон хувийн хэвшлийн 17 erp системийг нэгтгэлээ. Мөн төрийн 2001 байгууллага өнөөдрийн байдлаар албан бичиг солилцооны дундын систем /Docx / -ийг ашиглаж байна. Цаашид төрийн бүх байгууллага цахимаар бичиг, баримт солилцох ажлыг үе шаттай зохион байгуулна. Тухайлбал, төрийн байгууллага хоорондоо төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад албан бичгийг илгээх, хүлээн авахдаа албан бичиг солилцооны дундын систем (Docх)-ийг ашиглах юм. Тус системийн сургалтыг нийслэлийн хэмжээнд төрийн байгууллагуудад зохион байгуулсан бол ирэх долоо хоногоос 21 аймаг 330 сумын алба хаагчдад зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас цахим хэлбэрээр баримт бичиг үүсгэдэг системд тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Яамдын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг тооцоход  албан бичгийг хянуулж албажуулахад 1-3, шуудангаар Улаанбаатар хот дотроо хүргүүлэхэд 1-2, орон нутагт долоон өдөр зарцуулдаг. “Цаасгүй цахим Засаг” хөтөлбөр хэрэгжснээр төрийн бүтээмж нэмэгдэж, төсвийн зардал буурах боломжтой гэж тооцоолжээ. Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хурд хоёр дахин нэмэгдэнэ.

Өгөгдлийн тухай анхдагч хуулийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг сэтгүүлчдэд танилцуулах уулзалтыг өнөөдөр /2026.06.18/ зохион байгуулж, ажил хэрэгч, нээлттэй хэлэлцлээ. Хэлэлцүүлгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран нар төслийг танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь энэхүү хуулийн үндсэн үзэл баримтлал юм. Хуулиар өгөгдөл үүсэхээс эхлээд устгах хүртэлх амьдралын мөчлөгийн бүхий л үе шат болон дата төвийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчныг тодорхойлсон. Мөн өгөгдөлд суурилсан шинэ технологи, инновацыг дэмжиж, эдийн засгийн эргэлтийг идэвхжүүлэх зорилгоор Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан зохицуулалтын туршилтын орчин (сэндбокс)-ыг ашиглах боломжийг хуулиар нээж өгсөн. Манай улс сэргээгдэх эрчим хүчинд суурилсан Ногоон дата төвүүдийг байгуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, сүлжээний найдвартай байдал, хууль эрх зүйн таатай орчныг Өгөгдлийн тухай анхдагч хуулиар бүрдүүлнэ. Мөн төрийн их өгөгдлийг -Нээлттэй -Хязгаарлалттай -Хаалттай -Нөхцөлт хандалттай гэж ангилах бөгөөд Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хууль, Харилцаа, холбооны тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль зэрэг хэд хэдэн дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулж, бүхий л салбар, оролцогчдоос санал авна.