Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсад радио үүссэн нь /Цуврал №1/

2021.01.21

МАХН-ын 6-р их хурлын шийдвэрээр 1927 онд “… агаарын сонсох мэдээг хэрэглэх явдлыг орлого зарлагад харьцуулан гүйцэтгэхийг хичээвэл зохино…” хэмээн тунхагласан ба энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ЗХУ-аас тусламж авахаар гаргасан хүсэлтийг зөвшөөрч, МАХН-ын Төв Хорооноос 1929 оны 2-р сарын 9-ны өдөр тогтоол /19 тоот/ гаргасан байна. Энэхүү 19 тоот тогтоолын хүрээнд Радиог хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд түүний ач холбогдлыг олон нийтэд өргөн сурталчилж, тэдний санаачилгын үндсэн дээр хөрөнгө хуримтлуулах ажил зохиож байжээ. “Агаарын мэдээний хороо”-г байгуулах тухай төлөвлөгөөг 1931 онд Засгийн газар баталж, тус төлөвлөгөөнд 1,4 кВт хүчтэй уртын хэмжээний агаарын мэдээний хороо, 1 кВт хүчтэй богино хэмжээний нэвтрүүлэх ба Улаанбаатар хотноо хүлээн авах газруудын хамтаар байгуулах, Баруун хойт зүгт бүхий Улаангом, баруун зүгт бүхий Жаргалант, Алтайн Хантайшир, Өмнөговийн Дэлгэрхангай, Завханы Жавхлант гэсэн энэхүү зургаан газруудад 150 Вт хүчтэй богино хэмжээний агаарын хороодыг байгуулах, Хөвсгөлийн Хатгал, Орхонсэлэнгийн Алтанбулаг, Хэнтийн Өндөрхаан, Дорноговийн Сайн-Ус, Хангайн Цэцэрлэг ба Ламын гэгээн гэсэн газруудад тус бүр 20 Вт хүчтэй богино хэмжээний агаарын мэдээний хороод байгуулах, Улаанбаатар хотноо олон төрөл зүйлээр нэвтрүүлэх 200 цэгтэй трансляцын узель хэмээх холбоог байгуулж, хүлээн авах мэдээний аппаратыг бэлтгэх, Агаарын мэдээний техник 20, агаарын мэдээний бичээч 20, агаарын сонин ба олон зүйлийн төрлөөр нэвтрүүлэх тухайн ажилчин хүмүүс 10-ыг тус тус ЗСБНХУ-д бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. Төлөвлөсөн ажлуудын нийт зардал 1,064,000 төгрөг, үүгий 404,000 төгрөгийг тус улсын орлого зарлагын дансаар зарцуулах, ЗСБНХУ-ын цахилгаан шуудангийн яаманд 660,000 төгрөгийг төлөх болой хэмээн тусгажээ. Засгийн газрын 1931 оны 3-р сарын 13-ны өдрийн 4-р хурлаар радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэх үүрэг бүхий “Монгол радио” хоршоо байгуулагджээ. 1931 оны майн баярыг тохиолдуулан 5-р сарын 1-ний өдөр төлөвлөсөн ёсоор 4 чанга яригчийг товлосон газруудад байрлуулж, дуу хөгжим, баярын хурлын ажиллагаа болон бусад арга хэмжээг Монгол, Орос, Хятад хэлээр дамжуулсан нь “Шугамын радио сүлжээ”-ний эхлэл болсон байна. Энэ тухай радио холбооны анхны инженер тус сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Мятав гуай “Миний мэдэх радио” номондоо: “…Улаанбаатар хотын хөдөлмөрчид өглөөнөөс эхлэн маш хүчтэй хөгжим сонсож эхлэв. Тэр үед хот жижиг, цомхон машин тэрэг цөөтэй, цуурай ихтэй байж, хүүхэд бидний тоглодог индэрийг лоозон туг дарцагаар чимж, улаан туузаар хаалт хийж, харуулын цэргүүд манасан байв. Индрийн урдуур жагсаж яваа хүмүүсээс гадна радио сонсох гэж хүүхэд багачууд, лам нар, өвгөд хөгшид их цугларсан байлаа. Жагсаал дуусахад цугларсан хүмүүс тараад явдаг байсан бол тэр өдөр радио тавьсан газруудад дүүрэн хүмүүс байв. Соёлын төв ордон, Багшийн сургуулийн дотуур байрны барилгын баруун урд өнцөгт, төв шуудангийн зүүн талд гал командын баригдаж байсан барилгын цонхон дээр, Ленин клубын хаалган дээр, одоогийн Драмын театр байгаа газар гаалийн гэж нэрлэсэн том хашааны зүүн хаалганы дээр тус, тус чанга яригчуудыг хүн их цугладаг түлээн зах, өндөр хог гэдэг газрууд руу харуулан байрлуулсан байсан юм…Тэр үед хоёр төрлийн чанга яригч байв, гэрт тавьдагийг нь хавтгай хар, гудамжинд тавьдагийг нь чанга дуугарагч бүрээ гэдэг байлаа. Хатуу цаасаар хийгдсэн гуулин хөгжмийн бүрээ мэт боловч бүрээнээс том байсан юм…” гэж дурсан бичжээ.

БНМАУ-ыг радиожуулахад зориулж хөрөнгө гаргах БХК/б/Н-ын ТХ-ны  УТТовчооны 1932 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн хуралдааны 93-р протоколд “…Төв хорооны УТТ-ны гишүүдээс санал авсанаар ЗСБНХУ-ын АКнЗ-ийн нөөцийн фондоос 1305 мянган рубль зоос ба 10 мянган рубль гадаад валютаар Монголд ЗСБНХУ-ын АКнЗ-ийн шийдвэрийг батлах, хуулбарыг илгээх Кержанцевд ТХ-ны нарийн бичгийн дарга И.Сталин …” гэсэн шийдвэрийг гаргаж байжээ. СНЗ-ын 1933 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хурлын  шийдвэрээр “… “Монгол Радио” хоршоо байгуулагдаж, радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэхэд чухал үүрэг хүлээж, зорилтоо амжилттай биелүүлсэнийг тэмдэглээд тус хоршоог татан буулгаж, хуримтлагдсан 261,000 төгрөг, түүний эд хөрөнгийг шинээр байгуулагдсан “Холбооны ерөнхий хороо”-ны мэдэлд шилжүүлжээ…”

Радиог дэлгэрүүлэн байгуулах тухай БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг 1933 оны 2 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулжээ. Энэхүү гэрээнд ЗХУ-ын тусламжтайгаар:

  • 1 ба 15 кВт  хүчин чадалтай нэвтрүүлэх станц,  хүлээн авах станцын хамтаар,
  • 1000 цэг ажиллуулах чадалтай радио зангилаа байгуулах,
  • 150 Вт-ын чадалтай харилцааны радио станцуудыг иж бүрнээр нь бүх аймгийн төв суурин газруудад байгуулах,
  • Радио байгууламжуудыг цахилгаан болон зай тэжээлээр хангах,
  • Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гэсэн үүргийг хүлээсэн байна.

Энэ гэрээний хүрээнд анхны радио нэвтрүүлэх станцыг Улаанбаатарын зүүн хойд зүгт байрлах, олноо өргөгдсөний 9 он буюу 1919 онд Хятадын цэргийн холбооны зориулалттай  байгуулагдсан “Ушандын 3 өндөр” /У-Шиан-Диан/ хэмээх гурван өндөр төмөр матчыг ашиглан байгуулахаар барилга байгууламжийг барьсан ба анхны радио өргөн нэвтрүүлэг дамжуулах урт долгионы нэвтрүүлэгч нь 10 кВт хүчин чадалтай, 98 метр өндөртэй гурван өндөр матчын хоёрыг ашигласан “ЗЭЛЭН” антентайгаар хийгдсэн бол, богино долгионы ДРК-1 ба ДРК-15 маркын 1 ба 15 кВт-ын чадалтай станцыг модон матчтайгаар радио холбоо барих, радио нэвтрүүлэг дамжуулахад нөөцөөр ажилллуулах зорилготойгоор тус, тус байгуулсан байна.

Анхны радиогийн барилга байгууламжийг ЗХУ-ын Холбооны ардын комиссаратын радиогийн барилга байгууламжийн трестийн “Монгол радио строй” гэдэг Л.А.Осташков даргатай хамт олон гүйцэтгэсэн байна. Радио байгуулалтын ажлууд төлөвлөгөө ёсоор амжилттай явагдаж байсан тул 1934 оны 1 дүгээр сараас анхны радио төвийг байгуулж, төвийн  дарга бөгөөд радиогийн хэргийг эрхлэх ерөнхий хорооны дарга, орлогч дарга, нярав бөгөөд техникч, ерөнхий  ня-бо, мөнгөний нярав ба жолооч тус бүр нэг, нэг хүний орон тоотойгоор байгуулж, Нидэнгийн Цэндсүрэнг даргаар, Түдэвдоржийг орлогч даргаар томилсон байна.

Мөн энэ үед буюу 1933-1934 онд тус гэрээний хөрөнгө оруулалтаар орон нутагт радио холбооны станцуудыг байгуулах ажил эрчимтэй хийгдэж, Ховд, Увс, Завханд 500Вт чадалтай  КТК-2 станц, Тамсаг, Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн төвд УП-8 маркийн өсгөгч, КУП-4 маркийн хүлээн авагч, шугамын байгууламжийн хамтаар тус, тус ашиглалтанд орсон байна.

Радиогийн барилга байгууламжийг хүлээн авах тухай СНЗ-ын 82 тоот тушаал 1934 оны 8 дугаар сарын 14-нд гарч, Засгийн газрын төв комиссыг байгуулсан байна. Тус комисс 1933 онд БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр Улаанбаатар хот болон орон нутагт байгуулсан радиожуулалтын иж бүрэн ажлыг хүлээн авснаар 1934 оны 9-р сарын 1-ний өдөр радио станцын ажиллагааг нээх ёслол болжээ.

Энэхүү ёслол шинээр байгуулсан радио станц дээр болж тус станцын жижүүрийн тэмдэглэлд “… 1934 -9-1 өдөр. Тус радио станцын газраа Ерөнхий сайд П.Гэндэн, Намын Төв Хорооны НБДарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэхийн сайд Дамбийням, Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам, ЗСБНХУ-ийн Элчин сайд нарын зэрэг нөхөд ирж, сонирхон үзэж, 13 аймагт радиогоор баярын үг Мэндээс хэлж гүйцэтгэсэн ба 11.00 цагт ирээд нэг цаг болоод буцсан болохыг тэмдэглэмой…” хэмээн ногоон будган харандаагаар уйгаржин монгол бичгээр татлан бичиж үлдээжээ.

Ийнхүү Монгол Улсад радио нэвтрүүлгийг дамжуулах техникийн нөхцөл бүрдэж, 1934 оны 9-р сарын 1-ний өдрийг түүхэнд “Монголд радио байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэдэг болсон билээ. Тухайн үедээ радио өргөн нэвтрүүлгийг радио чимээ, радио мэдээ, радио сонин гэсэнгүй радио уран сайханы нэвтрүүлэг хэмээн нэрлэж, өдөр бүр өглөөний 07.00-09.00, оройн 17.00-19.00 цагт ажиллаж, дуу бичлэгийн төхөөрөмж байхгүй тул нэвтрүүлэг эхлэх, дуусах бүрт дуучин хөгжимчид байдаг байжээ.

Хөдөө орон нутаг болон гадаад орноос холбоо барих, мэдээ хүлээн авах зорилгоор олон төрлийн антен бүхий КТФ, ТМ-10, СВД-9 маркийн хүлээн авах станцуудыг хотоос зайдуу одоогийн төмөр замын төв буудлын баруун талд байгуулсан байна. Радио станцуудыг ашиглалтанд оруулсан анхны жилүүдэд хот хөдөөд ЗХУ-ын 21 мэргэжилтэн сургагч ажиллаж байсны зэрэгцээ Эрхүү хотын Дорнод Сибирийн холбооны гарын дэргэдэх радио техникийн курст Д.Чоймбол, Г.Дамдинсүрэн, С.Лувсанчүлтэм, Самбуу, Хунхүү, Цэвээндолгор, Рэнцэндорж, Балданцэрэн, Ишсамбуу, Ширнэн, Цэрэннадмид, Базарсад нарын 12 хүн суралцаж радио техникчээр бэлтгэгдэн ажилласан анхдагчууд юм.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэнН.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

Бусад мэдээ

“Цахим эдийн засаг”, “Цахим аюулгүй байдал”, “Цахим нийгэм” чиглэлээр Сингапур улсын сайн туршлагыг хэрэгжүүлнэ

Сингапур Улсын цахим форум (Digital FOSS) хөтөлбөр, “Cross Border Data Flows Roundtable” уулзалтын хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Vivian Balakrishnan, Мэдээлэл, харилцаа холбооны сайд хатагтай Josephine Teo, Сингапур Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, профессор Tommy Koh, Инфоком медиа, хөгжлийн агентлагийн гүйцэтгэх захирал Lew Chuen Hong нартай албан уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “AsiaTech Singapore-2023” (ATxSG) арга хэмжээнд урьж, оролцуулж буйд талархал илэрхийлэн, Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Уулзалтаар Сингапур Улсын Мэдээлэл, харилцаа холбооны яамны “Digital Economy”, “Digital Security”, “Digital Society” 3 чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар туршлага судалж, цахим орчинд хүний эрхийг хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, Сингапур Улсад буй олон улсын платформууд болох (Meta, You tube, Тik Tok)-тай уулзахад дэмжлэг үзүүлж, хил дамнасан өгөгдлийн урсгалын хууль эрх зүй, бодлого зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн цахим эдийн засгийн хөгжил, цахим хуваагдал, цахим үйлчилгээнд төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх чиглэлээр Сингапур Улсын сайн туршлагыг судалж, хамтран ажиллахаар болов.

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангийн элсэлт

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах Сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж байна. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ: 2023.08.21-2023.08.27 Та ШУТИС-ийн 4-р байр 306 тоот өрөөнд 10.00-17.00 цагт ирж мэдээлэл авч, бүртгүүлэхээс гадна http://www.elselt.edu.mn/ веб хуудасны АХЛАХ СУРГУУЛЬ БҮРТГЭЛ цэсээр цахимаар бүртгүүлнэ. Мөн энэ хуудаснаас элсэлтийн журамтай танилцаарай. ТАВИГДАХ ШААРДЛАГА • Суурь боловсролын гэрчилгээний дундаж үнэлгээ 85% ба түүнээс дээш байх • Мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх • Төрөлжсөн болон олон улсын олимпиадад эхний 10 байр эзэлсэн бол амжилтыг нотлох баримт • Бүртгэлийн хураамж 30,000 төгрөг /5009718233-Хаан банк Дансны нэр: ШУТИС-ийн харьяа ЕБАС Гүйлгээний утга: Элсэхийг хүсэгчийн овог нэр, регистрийн дугаар/ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ 2023.08.28-ны 10.00 цагт ШУТИС-ийн хичээлийн 4-р байранд явагдана. • 30 суралцагч элсүүлнэ. • Шалгалт: математик, физик, эсээ бичлэг СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 4,500,000 төгрөг Холбоо барих утас: 77110208, 80032189, 99721372

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ сүхбаатар аймагт үргэлжилж байна

Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн удирдлагууд болох аймгийн засаг дарга М.Идэрбат, засаг даргын орлогч О.Мөнхзаяа, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн дарга С.Ганбат нар “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат цахим шилжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд санал солилцлоо. #цахим_аймаг #Сүхбаатар