Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Зах зээлийн шилжилтийн үеийн сайд Бямбажавын Баатар

2021.06.03

Арга эвийг нь зөв олсон цагт хамт олныг төлөвшүүлэх тийм ч хэцүү биш. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад Холбооны сайдаар ажиллаж байсан Бямбажавын Баатарын тухай нийтэлж байна. Б.Баатар нь Завхан аймгийн Цэцэн –Уул суманд төржээ. Тэрбээр сумын бага сургууль, Улиастай хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1969 онд цахилгаан холбооны инженерийн мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөж ирээд 1960-1979 онд Завхан аймагт холбооны газрын ерөнхий инженер, даргын ажлыг хийж байгаад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй хамт баригдаж ашиглалтанд орсон Холбооны шинэ цогцолборын даргаар томилогдон ажиллаж байгаад 1982-1984 онд Улаанбаатар хотын Телефон радио ашиглалтын хорооны даргаар ажиллажээ. Эрдэнэт хотын Холбооны газарт ажиллаж байх хугацаандаа чанарын удирдлагын иж бүрэн систем нэвтрүүлж, улсын хэмжээний холбооны байгууллагуудын үзүүлэх сургууль зохион байгуулж байв. ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг 1986 онд дүүргэсэн ба мөн оноос Улаанбаатар хотын Найрамдал дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргын албыг хашиж байгаад 1989 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Холбооны сайдаар томилогджээ. Түүнийг сайдаар томилогдож байх үед БНМАУ-д социалист байгуулалтын үйл ажиллагаа нийт социалист нийгмийн нэгэн адилаар зогсонги байдалд орж, ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын уур амьсгал Монголын нийгэмд хүчтэй нөлөөлж байсан мөч байв. Шилжилтийн хүнд бэрх үед Засгийн газрын дэргэдэх Холбооны Ерөнхий газрын дарга, Зам, тээвэр, холбооны тэргүүн дэд сайдаар 1994 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж, харилцаа холбооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, салбарын бодлого боловсруулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг зааглаж, “Монголын харилцаа холбоо” компанийг байгуулж, холбооны үйлчилгээг чөлөөт үнийн тогтолцоонд оруулснаар санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан салбар болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн Монгол Улсад гарсан нийгэм, эдийн засгийн энэ шинэчлэлт нь гадаад орнуудаас Монголд хөрөнгө оруулах үүд хаалгыг нээж харилцаа холбооны салбарыг зах зээлийн тогтолцоонд шилжихэд ихээхэн түлхэц болжээ. Энэ тухай Б.Баатар сайд бичихдээ “Техникийн шинэчлэл хийхгүйгээр холбоог цаашид хөгжүүлэх ямар ч боломжгүй гэдэг нь нэгэнт харагдаж байсан юм” гэж тэмдэглэжээ. Холбооны яамнаас 1980-аад оны сүүлээр холбооны техник, технологийг шинэчлэн сайжруулах шаардлагатайг анхаарч, Улаан- Үд, Иркутск, Хөх хотын холбооны газруудтай холбоо тогтоон, хамтран ажиллах эхлэлийг тавьж, харилцан туршлага солилцож, семинар зохион байгуулж байсан нь тухайн үедээ шинэлэг зүйл болсон байна. Б.Баатар сайдын шууд оролцоотойгоор 1991 онд “Азиасат-1” хиймэл дагуулыг ашиглаж Улаанбаатар хотод сансрын телевизийн нэвтрүүлэх станц, 305 сум суурин газарт хүлээн авах станцыг байнгын ашиглалтад оруулж, Монголын үндэсний телевизийн нэвтрүүлгийг хөдөөгийн ард түмэнд хүргэх олон жилийн мөрөөдлийг богинохон хугацаанд хэрэгжүүлсэн билээ. Мөн аналоги системийн тоног төхөөрөмжийг тоон технологид шилжүүлэх техникийн шинэчлэл хийж, 1990 онд Английн пүүстэй хамтран сансрын холбооны газрын станцыг суурилуулан 4-10 сувгаар дэлхийн 100 шахам улс оронтой харилцах боломжийг бүрдүүлсэн байна. Франц улсын буцалтгүй тусламжаар 27 мянган дугаарын багтаамжтай электрон станц, Япон улсын буцалтгүй тусламжаар “Интелсат” станцыг ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар “Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээг 2010 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г Английн Бритиш Телекомын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор монголын инженер, техникчид боловсруулжээ. Уг төлөвлөгөөний дагуу Монгол Улсын харилцаа холбооны салбарын техник төхөөрөмж, кабель шугамын хувьд бүрэн шинэчлэх, тоон технологид шилжих техникийн суурийг тавих, орчин цагийн шинэ техник, технологи нэвтрүүлэх, англи хэлний мэдлэгтэй боловсон хүчнийг бий болгох асуудлуудыг хийхээр тусгасан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэхэд ижил зорилго, ижил хүслээр жигүүрлэсэн хамт олны хүч байсан бөгөөд “Холбоогүй холбоо” хэмээн шүүмжлэгдэж байсан холбоог “ Холбоочингүй холбоо” болтол нь хөгжүүлж чадсан байна. Б.Баатар гуай өөрийн дурдатгалдаа: “Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явц нь дардан байсангүй, картын бараанд орсон үе байлаа. Алкателийн Е-10 станцыг зай тэжээл, кабель шугамын хамт иж бүрнээр нь ашиглалтад оруулж, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олон улсын Интелсатын газрын станц, NEAX-61 улс, хот хоорондын автомат телефон станцыг барьж байгуулсан нь тоон технологийн цаашдын баттай суурь болж өгсөн” хэмээсэн байна. Монгол Улсын шуудан холбооны хөгжлийн оргил үе нь 1989-1990 он байлаа. Энэ үед нийслэл аймгийн хооронд ажлын өдөр бүр, аймгийн төвөөс сумдад 7 хоногт 2-5 удаа, сумаас бригад, тасгийн төвд 2 удаа шуудан тогтмол солилцож, жилдээ 9894,6 мянган ширхэг гарах захидал, 322,8 мянган ширхэг боодол, 87,6 мянган илгээлт, 134811,9 мянган ширхэг сонин, хэвлэл ялган боловсруулж, 23016,6 мянган төгрөгийн орлого оруулж байжээ. Шуудангийн 432 салбар, шуудангийн захидал цуглуулах 873 хайрцаг ажиллаж, шуудан холбооны нэг салбар байгууллага 4850 хүнд үйлчлэн, 1000 хүн ам тутамд жилдээ 4721,8 ширхэг захидал бичиг, 41,8 ширхэг илгээлт, 69580 ширхэг хэвлэл оногдож байжээ. Б.Баатар нь 1997 оноос Монгол шуудан ТӨХК-ийн дэд, тэргүүн дэд захирлаар, 2002 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Харилцаа холбооны зохицуулах хороонд Эрх зүй, мэдээлэл захиргааны албаны даргаар ажиллаж шинэ байгуулагдсан байгууллагын дүрэм, журмыг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тэрбээр ХХЗХ- ны хуралдааны нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан юм. Б.Баатарын харилцаа холбооны салбарт оруулсан хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон “Монгол Улсын Гавъяат холбоочин” цолоор тус, тус шагнасан билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Туулсан замаа эргэн дурсахуй”1996 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Орхон аймаг цахим шилжилтийн бэлэн байдлын ерөнхий үнэлгээгээр улсдаа тэргүүлж, 1-т эрэмбэлэгдсэн

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөг (2024.04.25) Орхон аймагт боллоо. Үндэсний хэмжээнд бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй тус арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа, салбар байгууллагууд, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ, гишүүн 16 байгууллагын хамтарсан мэргэжлийн баг мэдээллийн технологийн чиглэлээр олон талт цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд: Аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зориулсан ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, мэдээлэл Иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт Бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд зориулсан Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 16 байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, зөвлөгөө, мэдээлэл Төрийн албан хаагчдад зориулсан төрийн цахим үйлчилгээ, цахим ур чадварын сургалт, хичээлүүд нэгэн зэрэг зохион байгуулагдлаа. Орхон аймаг 106 мянга гаруй хүн амтай. Бүх сумд шилэн кабельд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар аж үйлдвэр. 22 багийн 3 нь 4G сүлжээнд, 19 баг 3G сүлжээнд холбогдсон. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 74 үйлчилгээг холбосон. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгээр өнөөдрийн байдлаар 41 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 9.025 иргэн буюу 37.7% нь тоон гарын үсэгтэй болсон байна. “Цахимд хэвшье” арга хэмжээг 21 аймагт зохион байгуулснаар цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуудалд шийдэл, санал болгох, Цахим аймаг бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн үндэсний компанийн хөгжүүлж байгаа программ хангамж бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах нөхцөл бүрдэх юм.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУЛГАМДСАН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Улсын Кибер аюулгүй байдлын тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсанаар кибер орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн суурь орчин бүрдсэн. Тус хуулиар кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тогтолцоо, зарчим, эрх зүйн үндсийг тодорхойлж, кибер орон зай, кибер орчин дахь мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж байна. Хуулийн хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулах, бодлого, зохицуулалтыг нэгтгэн хэрэгжүүлэх зорилгоор Кибер аюулгүй байдлын зөвлөл 2023 онд байгуулагдаж, түүний ажлын алба үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар захирамжаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Кибер аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа юм. Эдгээр эрх зүйн болон институцийн шинэчлэлийн хүрээнд Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг төрийн байгууллага, холбогдох талуудын төлөөлөл оролцсон уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, кибер аюулгүй байдлын зохицуулалтын олон улсын болон бүс нутгийн чиг хандлага, манай улсад хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар өргөн хүрээнд санал солилцлоо. Мөн чиг үүргийн давхардал, зохицуулалтын тодорхой бус байдал, хэрэгжилтийн явцад тулгамдаж буй бодит асуудлуудыг хөндөн хэлэлцэв. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү үг хэлж, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон бодлогын шинэчлэлтүүд, тэдгээрийн үр дүнг танилцууллаа. Тэрбээр хуулийн хэрэгжилтийн явцад зарим харилцаа эрх зүйн хувьд тодорхой бус, давхардсан, цаашлаад бүрэн зохицуулж чадахгүй байгаа асуудал байгааг онцолж, хиймэл оюун ухаан, үүлэн технологийн үйлчилгээ, хил дамнасан кибер халдлагатай холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулах шаардлага үүсээд байгааг тэмдэглэв. Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас (ITU) 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индекс-ийн судалгаагаар Монгол Улс кибер аюулгүй байдлын индексийн үзүүлэлтээр “Бэхжиж буй” буюу 3 дугаар түвшинд үнэлэгдэж, НҮБ-ын гишүүн 193 орноос 103 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь 2020 онтой харьцуулахад индексийн оноо 2.1 дахин өсөж, 17 байр урагшилсан эерэг үзүүлэлт боловч кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чадавх, олон улсын хамтын ажиллагааны үзүүлэлт харьцангуй сул буюу Азийн дунджаас доогуур түвшинд байгааг уулзалтаар онцлон дурдлаа. Мөн уулзалтад оролцсон Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл нь хууль, бодлогын баримт бичгийг боловсронгуй болгоход бодит хувь нэмэр оруулж, Монгол Улсад аюулгүй, найдвартай цахим нийгмийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тодотгов. Уулзалтад нийт 40 гаруй төлөөлөгч оролцож, кибер аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг сайжруулахад тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нээлттэй, ажил хэрэгч санал солилцлоо. Цаашид энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, шаардлагатай эрх зүйн зохицуулалтын санал, зөвлөмжийг боловсруулж, холбогдох байгууллагуудад танилцуулахаар болов.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.09.11) Говь-Алтай аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн дарга Н.Сумъяабазар, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Я.Жаргалцэцэг нартай уулзаж, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд санал солилцлоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол” академийн хамтарсан баг Говь-Алтай аймагт дараах ажлуудыг хэрэгжүүлж 2 өдөр ажиллана. “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл хүргэх Аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулах Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга хийх Аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн apгa хэмжээтэй танилцах, хэрэгжилтийн судалгаа хийх, цаашид хэрэгжүүлэх apгa хэмжээний талаарх зөвлөмжийг аймгийн ЗДТГ-т хүргүүлэх Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, apгa зүй”-н талаар сургалт зохион байгуулах Бүx нийтийн цахим yp чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах Аймгийн ЗДТГ-т цахим шилжилт хийх бэлэн байдлын судалгааг хийх Орон нутгийн иргэдээс цахим шилжилттэй холбоотой сэтгэл ханамжийн судалгаа авах Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулах apra хэмжээнд шаардагдах төсвийн тооцооллыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар E-Mongolia