Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Зам, тээвэр, холбооны сайд Р.Сандалхан

2021.06.24

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд салбарын түүхэн замналын талаарх нийтлэлийг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1992 оноос Зам, тээвэр, холбооны болон Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын гавъяат тээвэрчин Раздакийн Сандалханы тухай нийтэлж байна. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж, өөрчлөлт шинэчлэлт явагдаж байсан тухайн үед Холбооны яамыг татан буулгаж, Зам, тээвэр, холбооны яам нэртэйгээр 1992 онд байгуулсан түүхтэй. Сайдаар нь Р.Сандалханыг 1992 оны 8 дугаар сарын 15-наас томилж байв. Тэрбээр 1943 онд Баян- Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Чекин гэдэг газар төрж, 1952-1962 онд Баян-Өлгий аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1962-1967 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг инженер механикчийн мэргэжлээр төгссөн юм. Р.Сандалхан 1967-1969 онд Улаанбаатар хотын авто тээврийн 5 дугаар баазад засварчин, механик, үйлдвэрийн инженер, 1972-1979 онд шинээр байгуулагдсан Налайхын XIV баазын ерөнхий инженерээр хоёр жил ажилласны дараа баазын дарга болж байв. Түүнээс хойш тээврийн салбарын шинээр байгуулагдсан томоохон албан газар ажиллаж, 1982-1985 онд ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан Авто комбинатын засварын станцад дарга, 1985-1989 онд Хот хоорондын Авто тээврийн удирдах ерөнхий газрын дарга, 1989-1990 онд Зам, тээврийн яаманд хэлтсийн дарга, 1990-1992 онд Зам тээврийн яамны харьяа Тээврийн ерөнхий газрын дэд дарга, 1992 онд Зам тээвэр, холбооны сайд, 1994 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдаар томилогджээ. Хоёр жил сайдын алба хашиж байгаад 1996, 2000, 2004 оны УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Р.Сандалхан гуай энэ тухай өгүүлэхдээ “Түмэн олныхоо итгэлийг алдалгүй ажилласны үр дүн юм даа. Хэрэв худалч, хулгайч нөхөр байсан бол юу гэж намайг Баян-Өлгийнхөн гурван удаа Их хуралд суулгахав дээ” гэжээ. ( Өдрийн сонин 2015.03.22) Дэд бүтцийн хөгжлийн яам нь түлш, эрчим хүч, тээвэр, холбоо, барилга, хот байгуулалт, аялал жуулчлалын салбарыг нэгтгэсэн төрийн захиргааны төв байгууллага байсан. Р.Сандалхан сайд харилцаа холбооны салбарыг удирдан ажилласан хугацаандаа салбарын мэргэжлийн боловсон хүчнүүдийн санаа бодол, үйл ажиллагаанд тулгуурлан, цахилгаан холбооны салбарыг хувьчлах анхны алхмыг хийж, Монгол шуудан компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийг УИХ-аар батлуулан, салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 211 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаа явуулах түр дүрмийг баталжээ. Харилцаа холбооны салбарт либеральчлал нэвтрүүлж, үүрэн телефон холбооны үйлчилгээг нэвтрүүлсэн нь харилцаа холбооны салбарын өнөөгийн хөгжлийн үндэс суурийг тавилцсан гавъяатай нэгэн билээ. Р.Сандалхан сайд “Монгол Улс зах зээлд шилжих үеийн (1992-1996 он) хүнд бэрхшээлтэй ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, харилцаа холбооны хөгжлийн өндөр төвшинд хүргэхэд тухайн жилүүдэд хамт ажиллаж байсан холбооны салбарын өндөр мэдлэг боловсролтой, зохион байгуулах чадвартай туршлагатай олон хамтран зүтгэгч Б.Сүхбаатар, Н.Төмөрхүү, Д.Төгсөө, Г.Баттөр нартаа сэтгэл хангалуун баярлаж явдаг. 1992 онд ДБХ-ийн яамыг зохион байгуулахад олон салбарын үйл ажиллагааг шилжилтийн үед зохицуулахад амаргүй байсан. Холбооны салбарын ажлыг мэргэжилтэн нарын санал бодлыг голдуу хүндэтгэн шийдвэрлэдэг байлаа. Харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, зах зээлд шилжүүлэх ажлыг мэргэжлийн алба хаагчдын хамт улам эрчимжүүлж, цахилгаан холбоог хувьчлах, шуудангийн салбарыг бие даасан төрийн өмчит компани болгон хөгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж, шуудангийн салбарын удирдлагыг нилээн өрсөлдөөн дунд томилсон бөгөөд ажилд томилогдсон хүмүүс бидний итгэл найдварыг амжилттай биелүүлж, шуудангийн салбар өнөөгийн төвшинд хүрсэн гэж үздэг” хэмээн дурсжээ. Р.Сандалханы хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын болон ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнажээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Харилцаа холбооны зохицуулах байгууллага түүхэн замнал” Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

“Алслагдсан орон нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүргэх нэг шийдэл нь хиймэл дагуулын үйлчилгээ юм”

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага болон Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны хүрээлэнгээс хамтран “Ази-Номхон далайн бүс нутгийн хиймэл дагуулын үйлчилгээ,үндэсний зохицуулалтын тогтолцоо, түншлэл” семинарыг 2024 оны 10 дугаар сарын 1 – 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Тус семинарт 14 орны зочид төлөөлөгчид оролцож, өөрсдийн орны үндэсний хиймэл дагуулын хөтөлбөр, түүний зохицуулалтын механизмын талаар сайн туршлагаа хуваалцаж байна. Тус семинарын нээлтэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү үг хэлэхдээ, өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улсад алслагдсан орон нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүргэх нэг шийдэл нь хиймэл дагуулын үйлчилгээ болохыг онцлон үндэсний хиймэл дагуул төсөл хэрэгжиж байгаа энэ цаг үед бусад улс орны туршлага судлах боломжийг энэхүү семинар олгож байна гэдгийг онцоллоо. Хоёр өдрийн туршид үргэлжлэх семинарт АНУ, Азербежан, Бангладеш, Индонез, Малайз, Пакистан, Бутан, Камбож, Лаос Непал, Шри Ланка зэрэг улс орнууд өөрсдийн туршлага хуваалцах юм.

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд уулзалт зохион байгуулж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, сургалт, судалгаа, үнэлгээ хийх арга хэмжээ өнөөдөр (2023.08.16) Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Энэ хүрээнд “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа. Уулзалтад Сүхбаатар аймгийн төрийн 27 байгууллагын 150 орчим албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдаж, цахим шилжилт, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд асуулт хариулт өрнүүлж, мэдээлэл солилцлоо. #цахим_аймаг #Сүхбаатар

Э.Батшугар: “Монгол Улс – Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум” ирэх аравдугаар сард зохион байгуулагдана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжиж буй хөтөлбөр арга хэмжээнүүдийн талаар болон цаашид уул уурхайгаас хамааралтай эдийг засгийг төрөлжүүлж, цахим эдийн засгийг хөгжүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой хамтын ажиллагааны чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцлоо. Мөн ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй “Монгол Улс – Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум”-д салбарын хувийн хэвшлийн байгууллагуудыг оролцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа ЦХИХХ-ны сайд Э.Батшугар илэрхийллээ.