Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг

2021.08.26

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1998 оноос Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зоригийн тухай өгүүлж байна. С.Зориг нь 1962 онд Улаанбаатар хотод төрж, 1970-1980 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуульд суралцан төгсчээ. 1980-1985 онд Москва хотын М.В. Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд суралцаж, нийгэм судлаач, багшийн мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр 1985-1986 онд Улаанбаатар хотын Хувьсгалт залуучуудын эвлэл (ХЗЭ)-ийн төв хороонд зааварлагч, 1986-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн аспирант, 1988-1990 онд Монголын Ардчилсан холбооны ерөнхий зохицуулагчаар ажиллаж байжээ. С.Зориг 1990-1992 онд АИХ-ын депутатаар сонгогдон, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар, 1992, 1996 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, Төрийн байгуулалт ба Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж, 1998 оны 5 дугаар сараас, мөн оны 10 дугаар сар хүртэл Засгийн газрын гишүүн бөгөөд Дэд бүтцийн хөгжлийн сайд, сайдын үүрэг гүйцэтгэгчийн алба хашсан байна. С.Зориг 1980-аад оны эцсээс манай оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний удирдагчийн нэг, Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл хэрэгт ухамсарт амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. Тэрээр Монгол Улсын шинэ Үндсэн хууль болон тус улсын эдийн засаг төр, нийгмийн шинэ харилцааг зохицуулахад чиглэгдсэн олон хууль, дүрэм, журмыг боловсруулан баталж мөрдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж байв. Үүний дотор эрчим хүч, авто зам, харилцаа холбоо, барилга, хот байгуулалтын ба орон сууцны хувьчлал, аялал жуулчлалын зэрэг Монгол Улсын дэд бүтцийн чухал хуулиудыг батлан мөрдүүлжээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Дэлхийн цахим гарын үсгийн зах зээл 238.42 тэрбум ам.долларт хүрнэ

2023 онд дэлхийн цахим гарын үсгийн зах зээл 6.13 тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү статистик 2024 онд 8.67 тэрбум ам.долларт хүрэх таамаглал байна. 2024-2034 оны хооронд цахим гарын үсгийн хэрэглээ 39.3 хувиар өсөж, 238.42 тэрбум ам.долларт хүрэх тооцооллыг “Дэлхийн цахим гарын үсгийн зах зээлийн 2024-2032 он хүртэл хэтийн төлөв” тайланд дурджээ. Цахим гарын үсгийн зах зээл технологийн дэвшил, хэрэглэгчдийн хүсэл сонирхол, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ цахимжиж буй зэргээс шалтгаалан хурдацтай өсөж байна. Тус зах зээл нь салбар, орон зай, ямар үндэстэн эсэхийг үл хамааран өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж, хөрөнгө оруулагчид болон компаниудад таатай боломжийг олгож байна. Ойрын 5 жилд дэлхийн цахим гарын үсгийн зах зээл хурдацтай хөгжинө. Одоогийн байдлаар Засгийн газар, Банк санхүү, Даатгалын үйлчилгээ, Эрүүл мэнд, Газрын тос, Байгалийн хий, Батлан хамгаалах салбар, Тээвэр логистик, судалгаа, боловсрол, хүний нөөц, харилцаа холбоо, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгийн салбарт хүчээ авч байна. Ингэхдээ Хойд Америк, Европ, Ази-Номин далайн бүсэд түгээмэл хэрэглэгдэх болжээ. Хойд Америкийн цахим гарын үсгийн зах зээлийн хэмжээ 2023 онд 2.82 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд, цахим баримт бичгийн эрэлт нэмэгдэж, Засгийн газрын зохицуулалт, гар утасны төхөөрөмжийн хэрэглээ өссөн нь аюулгүй, хууль ёсны хүчинтэй цахим гарын үсгийн хэрэглээг хурдасгав. Үүнээс АНУ-ын цахим гарын үсгийн зах зээлийн хэмжээ 2023 онд 1.98 тэрбум ам.доллар, 2024-2034 он хүртэл энэхүү статистик 39.6 хувиар өсөж, 78.57 тэрбум ам.доллар болох аж. Өөрөөр хэлбэл, Хойд Америк нь цахим технологийн хэрэглээ нэмэгдэж, аюулгүй, үр ашигтай баримт бичгийн менежментийн хэрэгцээ, Adobe Inc., DocuSign Inc зэрэг бүс нутагт томоохон тоглогчид байгаа зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж зах зээлд ноёрхож байна. Харин Европын цахим гарын үсгийн зах зээл 2024-2034 оны хооронд 34.5 хувиар өсөж, тус бүс нутаг томоохон зах зээлийн нэг болов. Ингэхдээ Герман, Их Британи, Франц зэрэг улсууд зах зээлийн өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ. Түүнчлэн Ази-Номхон далайн бүс нутагт хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, банк, санхүү, даатгал, эрүүл мэнд, Засгийн газар, жижиглэн худалдаа болон онлайн ажил, виртуал уулзалтад өргөнөөр ашиглаж байна. Энэтхэг, Хятад, Япон зэрэг улс орнуудын Засгийн газрууд тодорхой салбаруудад цахим гарын үсгийг баталгаажуулах зохицуулалтыг хэрэгжүүлж, зах зээлийн өсөлтийг улам бүр нэмэгдүүлсэн. Эдгээрийг ихэвчлэн цахим худалдаа, онлайн банк, Засгийн газрын гүйлгээ болон бусад цахим бизнесийн үйл явцад ашигладаг. Тиймээс аюулгүй, хууль ёсны дагуу цахим гүйлгээний эрэлт өсөж байна. Эх сурвалж: www.precedenceresearch.com

Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ур чадвараа сорилоо

Кибер халдлага, зөрчилд хариу үзүүлэх ITACTIC команд штабын сургалт энэ сарын 12-13-ны өдрүүдэд “Тавантолгой” цэргийн сургалтын төвд боллоо. Тус сургалтаар кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ур чадвараа сорьж, арга туршлагаа солилцлоо. Монгол Улс төр, иргэн, хуулийн этгээд кибер халдлагад өртвөл хандах, хамгаалуулах мэргэжлийн газартай болж, аюулгүй байдлын тогтолцоо бүрдэж, үйл ажиллагаа жигдэрсэн. Цахим шлижилтийг дагаад кибер аюулгүй байдлын асуудал улс үндэстэн бүрд тулгамдаж байна. Кибер халдлагаас улс орон 100 хувь хамгаалах боломжгүй ч түүнийг эрсдэл, хохирол багатай даван туулах, хамтран ажиллах нь нэн чухал юм. ITACTIC сургалтыг жилд хоёр удаа Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын Алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв хамтран зохион байгуулж байна.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУЛГАМДСАН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Улсын Кибер аюулгүй байдлын тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсанаар кибер орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн суурь орчин бүрдсэн. Тус хуулиар кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тогтолцоо, зарчим, эрх зүйн үндсийг тодорхойлж, кибер орон зай, кибер орчин дахь мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж байна. Хуулийн хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулах, бодлого, зохицуулалтыг нэгтгэн хэрэгжүүлэх зорилгоор Кибер аюулгүй байдлын зөвлөл 2023 онд байгуулагдаж, түүний ажлын алба үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар захирамжаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Кибер аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа юм. Эдгээр эрх зүйн болон институцийн шинэчлэлийн хүрээнд Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг төрийн байгууллага, холбогдох талуудын төлөөлөл оролцсон уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, кибер аюулгүй байдлын зохицуулалтын олон улсын болон бүс нутгийн чиг хандлага, манай улсад хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар өргөн хүрээнд санал солилцлоо. Мөн чиг үүргийн давхардал, зохицуулалтын тодорхой бус байдал, хэрэгжилтийн явцад тулгамдаж буй бодит асуудлуудыг хөндөн хэлэлцэв. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү үг хэлж, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон бодлогын шинэчлэлтүүд, тэдгээрийн үр дүнг танилцууллаа. Тэрбээр хуулийн хэрэгжилтийн явцад зарим харилцаа эрх зүйн хувьд тодорхой бус, давхардсан, цаашлаад бүрэн зохицуулж чадахгүй байгаа асуудал байгааг онцолж, хиймэл оюун ухаан, үүлэн технологийн үйлчилгээ, хил дамнасан кибер халдлагатай холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулах шаардлага үүсээд байгааг тэмдэглэв. Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас (ITU) 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индекс-ийн судалгаагаар Монгол Улс кибер аюулгүй байдлын индексийн үзүүлэлтээр “Бэхжиж буй” буюу 3 дугаар түвшинд үнэлэгдэж, НҮБ-ын гишүүн 193 орноос 103 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь 2020 онтой харьцуулахад индексийн оноо 2.1 дахин өсөж, 17 байр урагшилсан эерэг үзүүлэлт боловч кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чадавх, олон улсын хамтын ажиллагааны үзүүлэлт харьцангуй сул буюу Азийн дунджаас доогуур түвшинд байгааг уулзалтаар онцлон дурдлаа. Мөн уулзалтад оролцсон Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл нь хууль, бодлогын баримт бичгийг боловсронгуй болгоход бодит хувь нэмэр оруулж, Монгол Улсад аюулгүй, найдвартай цахим нийгмийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тодотгов. Уулзалтад нийт 40 гаруй төлөөлөгч оролцож, кибер аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг сайжруулахад тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нээлттэй, ажил хэрэгч санал солилцлоо. Цаашид энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, шаардлагатай эрх зүйн зохицуулалтын санал, зөвлөмжийг боловсруулж, холбогдох байгууллагуудад танилцуулахаар болов.